Хураангуй:
Сүүлийн жилүүдэд төсөлт ажлууд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Монгол улсын нэгэн томоохон арилжааны банкны хувьд 1 жилд 200 орчим IT болон бизнесийн төслүүд хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлж, амжилтанд хүргэж буй голлох хүчин зүйл бол тухайн багийн хүний нөөцийн чадавхи байдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд арилжааны банкны салбарт хэрэгжиж буй төслүүдэд багийн гишүүнээ сонгох буюу багаа бүрдүүлэхдээ ямар хүчин зүйлсийг чухалчилж авч үздэгийг судлах бөгөөд судалгааны дүгнэлтэнд тулгуурлан тохирох санал зөвлөмжийг боловсруулсан. Судалгааг баримт бичгийн арга /онолын судалгаа болон судлагдсан байдлын судалгаа/ болон чанарын судалгааны аргаар хийсэн болно.
Арилжааны 4 банкинд ажилладаг төсөл удирдаж байсан туршлагатай хүмүүсийг хамруулан нийт 31 ажилтнаас бүтэцлэгдсэн ярилцлагын аргаар судалгаа хийсэн. Судалгааны асуултыг судлаач Robert Carl Stewart-ын 2017 онд хийсэн “Team Member Selection Strategies” судалгааны ажил дээр тулгуурлан 8 нээлттэй асуулт сонгосон. Мөн судлаач миний бие зорилтот асуудлыг илүү нарийвчлан тодруулахын тулд өөрийн зүгээс нэмэлтээр 4 асуулт нэмэлтээр асуусан болно. Судалгааны асуулт нийт 16 асуулттай.
Судалгааны асуултын бүтэц:
1. “Team Member Selection Strategies” судалгааны ажлаас эх сурвалж авсан 8 нээлттэй асуулт
2. Судлаач миний зүгээс илүү тодруулах зорилгоор бэлдсэн 3 нээлттэй асуулт болон үнэлгээ өгөх 1 асуулт
3. Хувийн мэдээлэлтэй холбоотой 4 асуулт
Төслийн менежер, удирдагч нарын хувьд багаа бүрдүүлэхдээ аливаа ур чадвар, мэдлэгээс илүүтэйгээр тухайн хүний зан төлөв, хандлага дээр илүү ач холбогдол өгдөг байна. Мөн үнэлгээ хийхдээ дийлэнхдээ шууд удирдлага эсвэл хамт ажиллаж байсан хүмүүсээс нь санал асуух болон өмнө нь хэрэгжүүлж байсан ажлуудтай нь танилцах замаар үнэлгээ, дүгнэлт хийдэг байна. Түүнчлэн сонгон шалгаруулалт хийх явцдаа багтаа сонгохоор төлөвлөсөн гишүүнийхээ өмнөх туршлага, зан төлөв, ажлын гүйцэтгэл зэрэг дээр хамгийн их анхаарал хандуулдаг байна.