Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол улс дахь арилжааны банкууд опен-банкны стратегийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, банк болон финтек байгууллагууд опен-банкны орчинд өрсөлдөх эсвэл хамтран ажиллах сонирхолтой байгаа эсэхийг тандах, тодорхойлох зорилгын хүрээнд онолын хүрээнд бизнесийн экосистемийн онцлог, тэр дундаа санхүүгийн экосистем, нээлттэй инноваци, опен-банкны стратегийг судалж, өнөөгийн байдлыг судалсан.
Өмнө нь энэ чиглэлээр бичигдсэн судалгааны ажил, онолын суурь ойлголт ховор байсан тул чанарын судалгаа хийхийг зорьсон. Судалгаанд арилжааны 4 банк, 5 финтек байгууллагын төлөөллийг оролцуулан, нийт 10 экспертээс хагас бүтэцлэгдсэн ярилцлагын аргаар судалгаа авсан. Аль нэг талыг баримтлалгүй, судалгаанд банк болон финтекийг зэрэг оролцуулсан гэдгээрээ онцлог юм. Өгөгдлийг эмх цэгцтэй боловсруулахын тулд индексийн хүснэгт болон сэдэвчилсэн хүснэгтийг бэлтгэсэн. Дараа нь судалгааны ижил төстэй, ялгаатай байдал, уялдаа холбоог гаргахын тулд түлхүүр үгээр агуулгын шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнг боловсруулахдаа анх дэвшүүлсэн судалгааны асуултын дагуу, хариултын найдвартай байдлыг хангах үүднээс онолын судалгаатай харьцуулах байдлаар дүгнэхийг хичээсэн.