Хураангуй:
Улс орны эдийн засгийн хөгжлийг үйлдвэржилт, бүтээн байгуулалтаар нь хэмждэг. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт огцом өсөлт гарч эдийн засаг жил бүр 10 гаруй хувиар өссөн мэдээлэл байдаг. Үүнээс улбаалж уул уурхайн салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт маш их хийгдсэн. Гэвч уг бүтээн байгуулалтуудад дэд бүтцийн асуудал, тэр дундаа эрчим хүчний хэрэглээний асуудал маш ихээр нөлөөлдөг.
Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилийн 6.7 ГВт.цаг байдаг ба жилд 7–8%-аар өсч байгаа. Харин энэ хэрэглээг хангахын тулд үүний 20 орчим хувийг импортоор авч 3%-ийг нар салхи, усны эх үүсвэр, 70 гаруй хувийг Дулааны Цахилгаан Станц (ДЦС) буюу нүүрс шатаах замаар эрчим хүчийг гарган авдаг (“Өнөөдөр сонин”, 2015). Энэ нь нийгэм болоод байгаль орчинд олон талын сөрөг нөлөөлөл учруулдаг бөгөөд нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг нүүрсийг их хэмжээгээр шатааж, үүнээс ялгарах их хэмжээний нүүрс хүчлийн хийг агаар мандалд цацаж, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүрдэг. Иймээс ч төр засгийн зүгээс цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох талаар дэмжиж байна.