Хураангуй:
Энэ судалгааны ажлаар 2017 – 2019 онд МХБ-д хувьцаа гаргасан /IPO/ 11 компанийн жилийн тайлангийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, ОУ-ын сайн туршлага, чиг хандлагыг харьцуулах замаар Монголын хувьцаат компаниудын жилийн тайланг үнэлж сайжруулах арга замыг тодорхойлж, боловсронгуй болгох санал, зөвлөмж дэвшүүлэх зорилготой төслийн ажлыг бичлээ. Төслийн ажлаар АНУ, Канад, Англи улсуудын хувьцаат компаниудын жилийн тайлан боловсруулах хууль эрх зүйн шаардлагыг судлахаас гадна, Deloitte, KPMG , PriceWaterhouseCoopers (PwC) гэгдэх ОУ-ын аудитын компанийн жилийн тайланд хийсэн судалгааны үр дүнг судалсан, KPMG аудитын компанийн 2015 онд хийгдсэн судалгаанд дэлхийн хамгийн том 250 компанийг хамруулсан бөгөөд дэлхий даяар одоогийн нөхцөл байдалд урган гарч буй гол чиглэл хандлагыг тодруулахад чиглэсэн байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд ОУ-ын КРМG, PWC, Делойт аудитын байгууллагуудаас жилийн тайланд хийсэн судалгааны зөвлөмжийг харьцуулан судлах замаар ОУ-ын чиг хандлага болон тайланд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон зарим шалгуур үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан компаниудын жилийн тайланг үнэлсэн. Мөн МХБ болон СЗХ-оос нээлттэй асуултаар ярилцлагын судалгаа, ҮЦК-аас анкетын аргаар, хувьцаа эзэмшигчдээс санамсаргүй түүврийн аргаар тус тус судалгаа авсан. Судалгаагаар МУ-ын хууль, журам болон компанийн засаглалын кодексоор ХКийн жилийн тайланд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт нь КРМG, PWC Делойт аудитын байгууллагуудаас гаргасан тайланд заавал тусгах шалгуур үзүүлэлт болон КЗийн зарчимд үндэслэн боловсруулагдсан хэдий ч ХК-ууд ирүүлж байгаа жилийн тайлангийн бүтэц, бүрэлдэхүүн, агуулгын задаргааны мэдээлэл болон тогтмол тайланг ирүүлэх үзүүлэлт нь хангалтгүй байгааг дарааг судалгааны үзүүлэлтээс харж болно.
Судалгааны үр дүнд хамгийн бага тайлагнагдсан мэдээлэлд дийлэнх хувь буюу 83.3% нь КЗ-ын кодексыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй байдлын талаарх мэдээллийг огт оруулаагүй, 75% нь ТУЗ-ийн гишүүдийн шагнал, урамшууллыг компанийн санхүүгийн үр дүнтэй харьцуулсан байдлаа тайлагнаагүй, 66.6% нь зах зээлийн шинжилгээ хийгдсэн мэдээлэл оруулаагүй, 58.33% нь эрсдэл, ирээдүйн тодорхойгүй /эргэлзээтэй асуудлуудаа тайлагнаагүй, 50% нь Ногдол ашгийн бодлого, мэдээлэлгүй, 33% нь ТУЗ-ийн бүтэц, гишүүдийн ур чадвар, туршлагын талаарх мэдээлэлгүй, 25% нь Хувьцаа эзэмшигчдийн бүтцээ тайлагнаагүй, 16.6% нь Бизнес модел, стратеги, ханшийн статистикийн мэдээлэл оруулаагүй гэж дүгнэгдсэн.
Тиймээс ХК-ийн жилийн тайлангийн ач холбогдол, үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь судалгаагаар тогтоогдож байгаа бөгөөд тайлагналыг сайжруулах зөвлөмжийг санал болгосон.