Хураангуй:
Монгол Улсын Засгийн газар 1991 оны эхээр МХБ-ийг байгуулан, 1992 оноос өмч
хувьчлах ажлыг эхлүүлж, улсын үйлдвэрийн 475 газрыг хувьцаат компанийн хэлбэрт
шилжүүлсэн. Эдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг
хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр, МХБ-ээр дамжуулан ард иргэдэд эзэмшүүлсэн. МХБ
байгуулагдан 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хөгжиж буй ижил төстэй
орнуудтай харьцуулахад хөрөнгийн зах зээлийн хэмжээ, хөрвөх чадвар, дэд бүтцийн хувьд
хоцрогдолтой байна.
Хөгжингүй орнуудын хувьд санхүүгийн зах зээлийн 40 гаруй хувийг хөрөнгийн зах зээл, 40
орчим хувийг мөнгөний зах зээл, 20-30 орчим хувийг бичил санхүү, даатгалын зах зээл
эзэлдэг. Хөрөнгийн зах зээл, банкны сектор болон санхүүгийн бусад салбарын харьцаа
тэнцвэртэй байснаар улс орны хөгжлийг тэтгэх боломж нэмэгддэг.
Монголын Үнэт цаасны зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүнг FTSE
жагсаалтад багтах фронтиер зах зээлийн улс орнуудтай харьцуулахад 3 дугаарт жагсаж
байна. Энэ нь бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт
юм. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нэг нь
ҮЦК-иудын идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Тиймээс судлаачийн зүгээс ҮЦК-ийн үйл
ажиллагаанд дүгнэлт хийж, ашигт ажиллагаа болон бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж
буй хүчин зүйлсийг судлах нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой
гэж үзэн судалгааны ажлаар тус сэдвийг сонгон судалж үр дүнг гаргав.
Үүнд:
1. Үнэт цаасны компаниудын үйл ажиллагаа, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал
2. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тулгамдаж буй асуудал