Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь дотоодын зах зээлд нэвтэрч амжаагүй ч, гадаадын, тэр дундаа АНУ-ын хөрөнгийн зах зээлд хэдж хийх зорилгоор өргөн хэрэглэгддэг санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан хувь хөрөнгө оруулагчид гадаад зах зээлд хөрөнгө оруулах, арилжаанд оролцохдоо эрсдэлээ хэрхэн бууруулж, ашгийн боломжийг нэмэгдүүлэх дериватив стратегиудыг судлан тодорхойлох юм.
Практикт хөрөнгө оруулагчид маш олон төрлийн опционы стратегиудыг ашигладаг ч тэр бүрийг судлахаас илүүтэй онолын хүрээнд стратегиудаа ангилан, тэдгээрийн төлөөлөл болох стратегиудыг сонгон цаашид гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй гэж үзэж байна.
Энэхүү судалгааны ажлыг чанарын судалгааны ажиглалтын аргачлалыг ашиглан хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 72%-г
дангаараа төлөөлдөг S&P500 индекс, түүнд багтдаг 3 бүлэг, 11 салбарын компаниудаас тус бүр нэгийг сонгон авсан. Ингээд эдгээр компаниудын 2019 оны 1-р сараас 2020 оны 12-р сарыг дуусталх хугацааны хувьцааны ханшийн болон ногдол ашиг хуваарилалтын түүхэн өгөгдлүүдийг цуглуулан, 3 шатны боловсруулалт хийж үндсэн судалгаа шинжилгээнд ашиглах өгөгдлүүдээ гаргаж авсан бөгөөд эдгээр өгөгдлүүдээ ашиглан 8 төрлийн стратегийг хэрэгжүүлж, үр дүнг компани болон салбар тус бүрээр, мөн нэгтгэсэн байдлаар авч үзэн, харьцуулсан шинжилгээ хийсэн.
Дээрх 3 бүлэг, 11 салбарын төлөөлөл компаниудад хийсэн стратегийн судалгааны үр
дүнгээс харахад “хадгаламж+опцион” стратеги нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг
хамгийн ихээр буюу 100% бууруулж байгаа ч ашгийн төвшин хувьцаа худалдаж авснаас 25%-иар бага байна. Эрсдэлийн төвшин бууруулах үзүүлэлтээр үүний дараа “хашаа” стратеги орж байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг 94%-иар бууруулж, нэгж эрсдэлд ногдох өгөөжийг 3.36 болгосон байна. Стратегийн ашгийн төвшин хувьцаа худалдаж авснаас 28%-иар илүү байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл юм.
Харин хувьцаа худалдаж авснаас ойролцоогоор 4 дахин хямд хөрөнгө оруулалтаар
хэрэгжих стратеги бол диагональ стратеги байна. Эрсдэл өгөөжийн харьцаа дунд зэрэг буюу 1:1 орчим, ашгийн хувьд 41% илүү байгаа нь ROI – г хамгийн өндөр буюу 89.81% болгосон байна.
Зах зээлийн салбаруудыг циклийн, хамгаалах, зах зээлийн мэдрэмжтэй гэж 3 ангилан авч үздэг ч аль ч ангиллын хувьцаа болон үүсмэл үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийхдээ салбарын онцлогоос гадна тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн орчин, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг чухалчлан анхаарал хандуулах хэрэгтэйг судалгааны үр дүн харуулж байна.
Хувьцааны ханш огцом унахад компаниудын ногдол ашиг тараалт буурсан, зарим нь бүр тараагаагүй байна. Харин нэгэнт тухайн компанийн хувьцааг эзэмшсэн бол эрсдэлээ бууруулж, ашгаа нэмэгдүүлэх хамгийн чухал арга бол опцион бичих гэдгийг
хамгаалагдсан колл опцион болон хашаа стратегиудын ашигт ажиллагаанаас харж
болохоор байна.