Хураангуй:
Монгол улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 10 жилд дунджаар жил бүр 5-8
хувиар тогтмол нэмэгдэж байна. Тиймээс эрчим хүчний системийн суурилагдсан хүчин
чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх, шинээр эх үүсвэрүүд барих шаардлагатай. ЦЭХ-ний
хэрэглээний 80%-ийг дотоодын эх үүсвэрүүдээс хангаж, ОХУ болон БНХАУ-аас
импортоор 20% орчим хувийг авч хэрэглэдэг. 2019 онд дотоодын үйлдвэрлэлийн нийт
ЦЭХ-ний 91%-ийг дулааны цахилгаан станц, 8,1%-ийг нар, салхины эх үүсвэрээр, 1,2%-
ийг усан цахилгаан станц, 0,04%-ийг дизель цахилгаан станц бүрдүүлсэн.
ЦЭХ-ний хэрэглээний ихэнх хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэн
хангаж байгаа хэдий ч оргил ачааллын үед нийт үйлдвэрлэл нь хэрэглэгчийн хэрэгцээг
хангаж хүрэхгүй байгаа бөгөөд станцуудын нийт хүчин чадал тулсан, тоног
төхөөрөмжийн насжилт, элэгдэл их, бага чадлын станцуудынхаа өндөр өртөгөөр эрчим
хүч үйлдвэрлэсэн өртгийг том станцууд нь нөхөж алдагдалтай ажилладаг.
ЭХС дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж хүрэхгүй хоёр хөрш улсаасаа өндөр
үнээр ЦЭХ импортлон авч эрчим хүчний хувьд бусдаас хараат байгаа нь үндэсний
аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хувьд асар их хохиролтой юм.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогот 2023 он гэхэд дотоодын ЦЭХийг бүрэн хангах, цаашлаад эрчим хүч экспортлогч орон болох төлөвлөгөөтэй. Гэвч
зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй саарсан, Засгийн газар, улс төрийн
байгууллагуудаас шалтгаалж шийдвэр гарахгүй хойшилсон, хөрөнгө оруулагчгүй болж
гацсан асуудал байсаар байна.
Одоогийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хүчин чадлыг нь
нэмэгдүүлэн өргөтгөх төлөвлөгөөтэй станцууд, шинээр барих станц, СЭХ-ний эх
үүсвэрүүдийн нөөц бололцоог судлан гаргаж, ЦЭХ-ний хэрэглээг дотооддоо бүрэн
хангах, импортыг багасгах боломжийг судалснаар ЭХС-ын цаашдын хөгжлийн чиг
хандлагыг тодорхойлохыг зорив.