Хураангуй:
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хурдасгах гол хөшүүрэг билээ. Иймд Монгол Улсад орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор 17 улсын, 2011-2019 оны, нийт 612 улирлын өгөгдлийг ашиглан панел өгөгдлийн шинжилгээ хийв. Үүний тулд эхлээд хөрөнгө оруулагч болон хүлээн авагч орны зах зээлийн хэмжээ, хоорондын зай, байгалийн баялаг, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ, дэд бүтцийн хөгжил, үнийн түвшин, татварын зөрүү зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалд нөлөөлж болох хүчин зүйлсийг онолын ухагдхууны загвар болон судлагдсан байдалд тулгуурлан сонгосон билээ. Шинжилгээний үр дүнд Монгол улсын зах зээлийн хэмжээ, байгалийн баялаг, дэд бүтцийн хөгжил нь ГШХО-ыг татагч хүчин зүйл болж байна. Харин дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ, дотоодын үнийн түвшин нь ГШХО-ыг түлхэгч хүчин зүйл болж байна. Мөн манай улстай хил залгаа байрладаг улсууд илүү ГШХО хийж байна.