Хураангуй:
Хөгжингүй хөрөнгийн зах зээл дахь томоохон хувьцаат компаниудын энгийн хувьцааны үнэлгээг хийхэд ногдол ашгийн хорогдуулалтын загварыг түгээмэл ашигладаг. Тиймээс ч компаниуд ногдол ашиг олголтын харьцаа болон тогтмол ногдол ашиг олгох тал дээр анхааран ажиллаж ногдол ашгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэхийг зорьдог. Харин Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ногдол ашиг олголт, хувьцаат компаниудын ногдол ашгийн бодлого зэргээс хамааран ногдол ашгийн бодлого хангалттай хэрэгждэггүй. Түүхэн хугацаанд дунджаар нийт бүртгэлтэй хувьцаат компаниудын 10 хувь нь ногдол ашиг олгох шийдвэрийг гаргасан байсан бол 2021 онд мөн нийт бүртгэлтэй 315 хувьцаат компаниудаас 31 хувьцаат компани ногдол ашиг олгохоор зарлажээ. Ногдол ашгийн онолын үндсэн дээр ногдол ашгийн бодлого нь хамаатай болон хамаагүй гэсэн теоромыг дэлгэрүүлэн судалж бусад холбогдох онолын үзэл баримтлал, капиталын бүтэц болон энгийн хувьцааны үнэлгээний ногдол ашгийн хорогдуулалтын загварыг нэмэлтээр судалсан. Шинжилгээний хэсэгт ногдол ашиг олгох шийдвэрийг гаргаснаар хувьцааны үнэд шийдвэрийн дараа өсөлт ажиглагддаг ч бүртгэлийн өдрийн дараа илүү их уналт ажиглагдаж байгааг техник шинжилгээний аргаар илрүүлсэн. Илүү урт хугацааны нөлөөллийг илрүүлэхийн тулд тоон шинжилгээний арга зүйг ашигласан ба ногдол ашиг идэвхтэй олгодог 18, ногдол ашгийн тогтмол олгодоггүй 16 хувьцаат компанийг сонгон 2012-2020 оны санхүүгийн болон бусад нэмэлт өгөгдөл дээр үндэслэн регрессийн шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Регрессийн шинжилгээг хугацааны цуваан болон хөндлөн шинж чанарыг зэрэг агуулдаг панел өгөгдөл дээр хийсэн учир Pooled OLS, тогтмол нөлөөллийн загвар, хувьсах нөлөөллийн загваруудыг үнэлж үзсэн бөгөөд Хаузманы тест, Wald тестүүдийг ажиллуулан тохиромжтой загварыг сонгосон. Тоон шинжилгээний үр дүнд ногдол ашиг нь компанийн үнэ цэнд нөлөө үзүүлдэггүй гэж үзсэн.