Хураангуй:
“Бизнесийн зөвлөх үйлчилгээ” гэсэн ойлголтыг хуульчилж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Жижиг, дунд үйлдвэрийн цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан бизнесийн зөвлөх үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлнэ, энэ төрлийн үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлж болно” гэж заажээ.
Энэ нь Монгол улсад зөвлөх үйлчилгээний салбар цаашид хөгжихийг маш тодоор илэрхийлж байна. Ийм учраас зөвлөх компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийн өөрсдийн болон салбарынхаа үнэ цэнийг тодорхойлж, ирж буй үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхэд тохиромжтой цаг үе ирж байгаа юм.
Үнэ цэнийн гинжин хэлхээний шинжилгээгээр байгууллагын дотоод үйл ажиллагааг шинжилж, өрсөлдөөний стратегиа тодорхойлох зорилготой уг судалгааны ажилыг гүйцэтгэснээр цаашид хөгжих төлөвтэй байгаа уг салбарт судалгааны обьект болох байгууллагыг бусад байгууллагуудаас илүү хожих боломжийг харахад туслах болно хэмээн үзэж байна.
Судалгааны ажлаараа “А” компаний үнэ цэнийн гинжин хэлхээний шинжилгээ хийж байгууллагын өрсөлдөөний давуу талыг тодорхойлж, түүнийг дэмжих үйл ажиллагааны санал зөвлөмж боловсруулсан болно.