Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар ХБКА-ын үнэлэгчийн параметрийг гажуудуулдаг эндоген нөхцөлийн асуудлыг туслах хувьсагчийн арга болон ХШХБКА-ын тусламжтайгаар шийдэж байгаа эсэхийг онол аргазүйд тулгуурлан эмпирик шинжилгээ хийх замаар харуулахыг зорилоо. Үнэлгээндээ эхнэр/нөхрийн боловсрол, интернет ашиглалт, хадгаламжийн байдал, өвдсөн эсэх зэрэг туслах хувьсагчдыг судлагдсан байдалдаа тулгуурлан сонгосон болно. Эдгээр туслах хувьсагчдыг ашиглан ӨНЭЗС-2016 оны өгөгдөлд суурилан Минсерийн цалингийн тэгшитгэлийг туслах хувьсагчийн арга болон ХШХБКА-аар үнэлж, туслах хувьсагчийн найдвартай байдлын тестүүдийг ажиллуулахад эхнэр/нөхрийн боловсролоор сонгож авсан туслах хувьсагч нь сайн туслах хувьсагч бөгөөд эндогенийн асуудлыг шийдэж чадсан гэж үзлээ. Түүнчлэн ХБКА-аар тооцсон боловсролын үр өгөөж 7 хувь, Боломжит ЕХБКА-ын аргаар тооцсон боловсролын үр өгөөж 7,5 хувь гарсан нь ХШХБКА, туслах хувьсагчийн аргаар тооцсон боловсролын үр өгөөжөөс 2 дахин бага байгаа бөгөөд энэ нь Колм Хармон, Иан Уокер, Жон Малуччио нарын судалгааны үр дүнтэй нийцтэй гарсан юм. Тус туслах хувьсагчийн шинж чанарын хувьд ганц бие хүнтэй харьцуулахад, эхнэр/нөхөртэй хүмүүсийн амьдрал нь тогтвортой байдаг тул ажилдаа илүү цаг зарцуулдаг ба тушаал дэвших боломж нь их байдаг байна. (Solomon & Jackson, 2014) Тиймээс эхнэр/нөхрийн боловсролоор сонгож авсан туслах хувьсагчийн үнэлгээний суралцсан жилийн үр өгөөж ХБКА-тай харьцуулахад өндөр байж болох юм.