Хураангуй:
Өрхийн орлогын дийлэнх хэсгийг цалин бүрдүүлдэг учраас цалингийн түвшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг судлах нь ач холбогдолтой. Тэр дундаа хүйсийн хувьд салгаж үнэлгээг хийх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгааг ойлгоход ихээхэн нэмэртэй юм. Олон улсад төдийгүй Монгол улсад цалингийн тэгшитгэлийг ХБКА-ын тусламжтайгаар үнэлсээр байна. Гэвч уг аргаар үнэлгээг хийхэд түүвэр сонголтын хазайлтын асуудал үүсдэг тул Жамес Хэкманы санал болгосон 2 алхамт арга зүйгээр засварлах шаардлагатай. 2 алхамт арга зүй нь ажиллах хүчний оролцоог цалингийн тэгшитгэлд нэмж тооцдогоороо давуу талтай юм. Энэхүү дипломын хүрээнд эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалинд нөлөөлөгч хүчин зүйлсийг Хэкманы арга зүйгээр үнэлэхийг зорилоо. Судалгаанд АХС-ны 2019 оны өгөгдлийг ашигласан бөгөөд хөдөлмөрийн насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр түүврээ бүрдүүлсэн. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийн боловсролын өгөөж эрчүүдтэй харьцуулахад өндөр боловч бага цалингийн түвшинд хөдөлмөр эрхэлдэг нь тогтоогдлоо. Мөн гэрлэлт нь эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж, цалинг өсгөдөг байхад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон цалинд огт нөлөө үзүүлдэггүй байна. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн зөрүү нь туршлага болон ажлын цагийн ялгаатай байдлаас бий болдог ажээ.