Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монголын банкны салбар дахь кастодиан үйлчилгээний ашигт байдал болон үйл ажиллагааг сайжруулах боломжийг тодорхойлохыг зорилоо. 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар кастодиан хэмээх шинэ төрлийн үйлчилгээ Монголын санхүүгийн зах зээлд нэвтрэх эрх зүйн боломжтой болсон юм. Кастодиан үйлчилгээ нь бусад этгээдийн нэрийн өмнөөс үнэт цаас болон санхүүгийн хэрэгслйиг хадгалах мөн тэдгээртэй холбоотой олон талт асуудлыг зохицуулах үйл ажиллагаа юм. Кастодиан нь гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг манай орны үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг найдвартай хадгалан, сангийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулагдах явдлыг гаргуулахгүй байх ач холбогдолтой. Манай орны нийт хөрөнгийн 90 орчим хувь нь арилжааны банкинд эргэлдэж байгаа болон эрсдэл үүрэх чадварыг харгалзан үзэж СЗХ болон холбогдох агентлагуудаас кастодианы үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг банкинд өгөх нь зүйтэй гэж үзсэн билээ. Үүнээс хойш 3 арилжааны банк кастодиан үйлчилгээний эрхийг авч үйл ажиллагаа явуулж байна. Гэвч одоогоор алдагдалтай ажиллаж байгаа хэдий ч урт хугацаанд хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр өндөр ашиг олох боломжтой юм.