Хураангуй:
Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, компаниуд төлбөр тооцоондоо банкны төлбөр тооцооны системийг өргөнөөр ашиглаж байна. Тэр дундаа гадаад худалдааны бэлэн бус төлбөр тооцоог үйлдэх аргууд болох аккредитивийн, баталгааны, инкассын, нээлттэй дансны, шилжүүлгийн төлбөр тооцоог идэвхтэй ашиглаж байна. Харин богино хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээгээ ихэнхдээ арилжааны банкнуудын зээлийн үйлчилгээгээр хангаж байна. Зээлийн бүтээгдэхүүний хувьд өртөг өндөртэй байдаг. Харин худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн болох баталгаа, аккредитивийн бүтээгдэхүүний өртөг болох эрсдэлийн шимтгэл нь харьцангуй бага байдаг. Аливаа бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах, өргөтгөхөд санхүүжилт зайлшгүй чухал. Тэр дундаа өртөг болон эрсдэл багатайгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлэх нь бүр ч чухал билээ. Одоогийн байдлаар МУ-д баталгаа, аккредитивийн бүтээгдэхүүнийг худалдаа, үйлчилгээний салбарт голчлон ашиглаж байна.
Иймд миний бие “Байгууллагууд гадаад худалдааны санхүүжилтийг ашигласнаар гарах давуу тал, боломж (цахилгаан барааны худалдаа эрхлэгч компаниудын жишээн дээр)” сэдвийн хүрээнд гадаад худалдааны санхүүжилтийн талаарх онолыг судлах, цахилгаан барааны худалдаанд ямар арга хэрэгсэл нь хамгийн ашигтай байх, санхүүжилтийн асуудал нь юу байх, тухайн цахилгаан бараа импортлогч компаниудын эх үүсвэрийн зардлыг хэдэн хувиар бууруулж болох, улмаар санхүүгийн ямар эерэг нөлөө үзүүлэх боломжийг санхүүгийн шинжилгээ болон компанийн үнэлгээнд үндэслэн судалсан.