Хураангуй:
Ёс зүй бол итгүүлж үнэмшүүлэх гүн ухаан бөгөөд хүн юу хийх юунаас татгалзах ёстойг судалдаг. Хувь хүний ёс зүй нь түүний хэрхэн биеэ авч явж байгаагаар тодорхойлогдох ба зан ааш, дадал зуршлаас уг хүний мөн чанарыг харж болох юм. Улс орны хөгжлийн үндэс нь ёс зүйтэй мэргэжилтнүүд юм. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжил, хариуцсан ажилдаа үнэнч байх, ажил хэргээ чанартай гүйцэтгэж, мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чандлан биелүүлэх журмын тогтолцоо бөгөөд энэхүү судалгааны ажлаар мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлөх хүчин зүйлийг судалж уг судалгаагаа дүгнэн МНБ-д зөвлөмж боловсруулахыг зорилоо. Судалгааны ажлын хүрээнд мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг 52 хүнээс авсан ба мэргэшсэн нягтлан бодогчдоос анкетийн аргаар судалгааг авсан. Өгөгдлийг IBM SPSS Statistics 25.0 програм ашиглан хүчин зүйлийн, болон корреляцийн шинжилгээ хийж, голлох үр дүнг тайлагнав. Судалгааны үр дүнд мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлж буй хүчин зүйлсээс хүмүүжил, ухамсарын нөлөө хамгийн ихээр нөлөөлсөн бол шашин болон хүйсийн нөлөө харьцангуй бага нөлөөтэй байсан. Судалгаанд оролцсон мэргэшсэн нягтлан бодогчдын дийлэнхи хувь нь 30-аас дээш насны, магистр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 6-аас дээш жил ажилласан нягтлан бодогчид байгаагаас үзвэл мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд боловсролын зэрэг, нас, мэргэжилдээ үнэнч байх хандлага өндөр хувиар нөлөөлж байна гэж үзсэн болно.