Хураангуй:
Судалгааны ажлын маань объект болох “А” компани нь 2016 онд байгуулагдсан
бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй бяслаг үйлдвэрлэдэг
жижиг, дунд үйлдвэр юм. Өдгөө 20 гаруй нэр төрлийн бяслагийг Европ стандартаар амт,
чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг Монголын цөөн үйлдвэрүүдийн нэг билээ.
Бяслагны зах зээл өдөр ирэх тусам өргөжин, тэлж байна. Энэ цаг үед “А” компани маань
дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар үйлдвэрлэсэн бяслагийг таны гарт хүрэх
боломжоор хангаж, хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Уг компанийн тулгамдаж буй
асуудлууд болох өртгөө нарийн тооцдоггүй, нөөцийн дутагдлаас үүдэж эрэлтээ бүрэн
хангаж чаддаггүй, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, оновчтой хольцоо тооцдоггүй зэрэг
асуудлууд нь олох боломжтой дээд ашигтаа хүрэхэд саад болж байгааг илрүүлж, үүнийг
шийдвэрлэхийг зорьсон.
Судалгааны ажлаа баяжуулж бяслагны зах, зээл болон Монголд үйл ажиллагаагаа
явуулж буй бяслагны үйлдвэрүүдийн талаар судалж энэ салбарын өнөөгийн байдлын
тухай ойлголтыг олж авав. Цаашлаад “А” компанийн хязгаарлагч хүчин зүйлсийг
нарийвчлан тогтоож, уг хязгаарлалтдаа багтаан үйлдвэрлэлийн оновчтой хольцыг
тодорхойлж, ахиуц ашгийг хамгийн их байх утгыг санал болголоо.