dc.description.abstract |
Хүмүүсийн өдөр тутмын амьдралын чухал хэсэг болох төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээний талбарт санхүүгийн олон байгууллагууд өрсөлдөж байна. Тэр дундаа дижитал шилжилтийн нөлөөллөөс төлбөр тооцооны бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж шинэ төлбөрийн хэрэгслүүд зах зээлд нэвтрэхийн зэрэгцээ хэрэглээний үзүүлэлт өссөөр байгаа нь салбарын судалгаагаар харагдсан. Уламжлалт төлбөр тооцооны бүтээгдэхүүнээс илүүтэйгээр дижитал төлбөрийн хэрэгслүүд нэвтэрч буй энэ үед залуусын төлбөр тооцооны зан төлөвийг судлах шаардлага банкуудын өмнө тулгараад байна.
Судалгааны ажлын хүрээнд залуус гэдэгт Залуусын хөгжлийг дэмжих тухай хууль болон хэрэглэгчийн онолд үндэслэн 16-34 насны залуусыг зорилтот бүлгээр сонгосон. Төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээ (хэрэгсэл) гэдэгт бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг багтаасан. Төлбөр тооцооны бүтээгдэхүүн хэрэглээний зан төлөв гэдэгт хэрэглэгч, хэрэглэгчийн зан төлөв, онолын загварууд, нөлөөлөх хүчин зүйл, үе шатуудыг авч үзсэн. Онолын судалгааны үр дүнд үндэслэн загвараа боловсруулж санал асуулгын аргаар төлбөр тооцооны бүтээгдэхүүн хэрэглэгч залуусаас, ярилцлагын аргаар төлбөр тооцоог хүлээн авагч худалдаа үйлчилгээний байгууллага (мерчант) болон төлбөр тооцооны бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож буй банкны ажилтнуудаас судалгаа авч судалгааны үр дүнг боловсруулсан.
Залуус нь цахим бүтээгдэхүүн үйлчилгээг илүүтэй ашиглаж байгаа бөгөөд шинээр нэвтэрсэн бүтээгдэхүүнүүдийг амархан сурч хэрэглээндээ нэвтрүүлж, өндөр давтамжаар ашиглаж байна. Тэдгээрийн төлбөр тооцооны бүтээгдэхүүний зан төлөвт орчны нөлөөллүүд болон хувь хүний шинж чанарууд нөлөөлдөг нь судалгааны үр дүнд батлагдсан. Арилжааны банкууд залуусын сегментэд зориулж хэрэгцээ, зан төлөвт нь нийцэх тусгайлсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, шинж чанар бүхий төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох замаар ирээдүйн үр ашигт харилцагчдаа бэлтгэх нь зүйтэй. |
en_US |