Хураангуй:
Нягтлан бодогч нь аливаа аж ахуйн нэгж, байгууллага оршин тогтноход санхүүгийн болоод стратегийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул тэдний ажлын гүйцэтгэл үр дүнтэй байх шаардлагатай. Уг судалгааны ажлын зорилго нь нягтлан бодогчдын ажлын сэтгэл ханамж нь ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж буй хамаарлыг судалж, асуудлыг тодорхойлон, шаардлагатай санал зөвлөмж өгөх явдал бөгөөд судалгааны зорилтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагад үндсэн орон тоогоор ажиллаж буй нягтлан бодогчдоос 34 асуултын хүрээнд судалгаа авч, нийт 140 анхдагч өгөгдөл цуглуулснаас 7-г нь хүчингүйд тооцов. Судалгааны ажилд хоёрдогч өгөгдлүүдийг эх сурвалжуудыг дурьдан, шаардлагатай эх үүсвэрээс авч ашигласан. Анхдагч өгөгдөл цуглуулахын тулд судалгааны арга зүйг боловсруулж, судалгааны асуулгууд бэлтгэсэн бөгөөд ингэхдээ ажлын сэтгэл ханамжид нөлөөлдөг 5 гол хүчин зүйл буюу цалин урамшуулал, хамт олон, тушаал дэвших боломж, ажлын хамрах хүрээ, удирдлага зэргийг авч үзсэн ба ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ ажлын үндсэн үүргийн гүйцэтгэл, бусад хамааралтай ажлын гүйцэтгэл, ажлын сөрөг хандлага гэсэн 3 бүлэг хүчин зүйлсийн хүрээнд үнэлэв. Өгөгдлүүдийг “IBM SPSS” программаар боловсруулсан ба үр дүнд ажлын гүйцэтгэл ба ажлын сэтгэл ханамж нь хоорондоо хамааралтай ба цалин урамшуулал, ажил үүрэг нь үндсэн ажлын гүйцэтгэлд, байгууллагын удирдлага нь бусад хамааралтай ажлын гүйцэтгэлд эерэг хамааралтай байлаа. Дийлэнх нягтлан бодогчид ажилдаа сэтгэл ханамжтай, ажлын гүйцэтгэлээ “сайн” хэмжээнд үнэлдэгийг тодорхойлов.