Хураангуй:
Биедээ ямар нэг өөрчлөлт, өвчний зовиур шинж тэмдэг мэдрэгдэх үед эрүүл мэндийн байгууллагад цаг алдахгүй хандах нь өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчилгээг цаг алдахгүй эхлэх улмаар өвчтний амьдрал амь насанд нөлөөлдөг. Манай улсын хувьд эрүүл мэндийн байгууллагын тоо, эмч мэргэжилтний тоо, эрүүл мэндийн салбарын болон нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал буураагүй, улам нэмэгдэж ирсэн, бусад улс орнуудтай харьцуулахад Монгол улсын эмнэлгийн дэд бүтэц, үйлчилгээ нь илүүдэлтэй байгаа талаар эрүүл мэндийн салбарын статистик тоо баримтууд илэрхийлдэг боловч манай улс дундаж наслалтаар дэлхийд хойгуур бичигдэж бид богино насалж байна. Гэвч иргэд оройтож эмнэлэгт хандах нь хувь хүн, улс орны эдийн засагт сөрөг үр дагавартай ба эрүүл мэндийн байгууллагууд ч ЭМУСҮШ болон өвчний эрт үеийн оношлогоо эмчилгээний боломжит орлогоо алдаж байна. Монгол хүмүүс өвчин зовиур мэдрэгдснээс хойш ямар хугацааны дараа эрүүл мэндийн байгууллагад ханддаг, түүнд юу нөлөөлдөг вэ гэдэг асуудал тодорхойгүй байгаа бөгөөд энэ асуудлыг судлах нь анагаах ухаан, сэтгэл судлал, зах зээл ба нийгэм судлалыг хамарсан салбар дундын асуулт юм. Иймд монголчуудын хувьд эрүүл мэндийн байгууллагад хандах хугацаа, түүний саатал, нөлөөлөгч хүчин зүйлсийг судалгаагаар тодруулах нь энэ судалгааны гол зорилго болно. Түүнчлэн орчин үеийн маркетингийн ‘холбогдсон хүнд’ чиглэж, хэрэглэгчиддээ ойрхон байж тэдний эрэлтээ тодорхойлохоос эхлээд хангах хүртэлх замналыг судалж удирдах нь өрсөлдөөний давуу тал болно гэдэг үзэл хандлага судалгааны сэдэв сонгох, уг судалгаа хийхэд нөлөөлсөн. Өвчтөн биед гарч буй өөрчлөлт, зовиурыг мэдрэхээс эхлээд эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж авах үе шат, үйл явц, замналыг тайлбарлан оройтож тусламж авах буюу (хугацааны) сааталд нөлөөлөх хүчин зүйлийг тодруулж өгдөг онолын загварыг судалж судалгаанд ашигласан. Ингэхдээ зовиур илрэх үед нөхцөл байдлыг үнэлэх өвчтний өөрийн үнэлгээний 9 хэлбэр, танин мэдэхүйн хүчин зүйлүүдийн хугацааны саатлын нөлөөллийг судалж үр дүнг гаргасан. Хүмүүс өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрснээс хойш эмнэлэгт хандах шаардлагатай болохооо ухамсарлах, улмаар очих хүртлээ тодорхой цаг хугацаа алддаг бол өвчний зовиур шинж тэмдэг арилахгүй удах нь тусам асуудлыг ноцтойд тооцож аль болох хурдан хандах шалтгаан болдог болохыг тус судалгааны үр дүнгүүд харуулж байна. Тодруулбал, өвчтөн өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрснээс хойш эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүье гэж ухамсарлах хүртлээ дунджаар 2.8 сар зарцуулдаг ба үүнээс хойш дундажаар 1.9 сарын дараа очиж үзүүлдэг, ба анх шинж тэмдэг мэдэрснээс хойш ойролцоогоор 3.5 сарын дараа эрүүл мэндийн байгуулагад ханддаг байна. Энэ сэдэв пракик ач холбогдол өндөртэй бөгөөд цаашид олон салбарыг хамарсан судлаачдын баг тодорхой өвчлөлийн чиглэлээр Монгол хүмүүсийн онцлогийг судлах нь түүний хэрэглээг илүү нарийсгах болно.