Хураангуй:
Компанийн нийгмийн хариуцлага /КНХ/ хэмээх ойлголт нь Америк болон бусад барууны улс орнуудад 1900-аад оноос яригдаж эхэлсэн бөгөөд энэ нь улс орон, нийгмийн хөгжилд нөлөөлөгч гол тулгуур ойлголтуудын нэг бөгөөд компаниуд өргөжин томорч, хөрөнгөжихийн хэрээр КНХ нь тухайн компаний бодлогын түвшний тусдаа бие даасан ойлголт болон хөгжсөн. Улс орон, нийгэм бүр цаашлаад дэлхий нийтийн хувьд сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийг онцлон ярих болсон бөгөөд энэхүү ойлголтыг “Өнөөдрийн хэрэгцээг хангаж ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээнд нөлөөлөхгүй байх хөгжлийг тогтвортой хөгжил гэнэ” хэмээн тодорхойлж Brundtland-ийн тайланд тусгагдсан байдаг. Дээрх үндсэн хоёр ойлголт нь уул уурхайн салбарт биелэлээ олохдоо “Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхай” гэсэн ойлголтыг бий болгож байна. Уул уурхайн салбар онцлог ихтэй салбар бөгөөд улс орнуудын хувьд эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг ДНБ-ний тодорхой хэсгийг бүрдүүлэгч чухал салбар болохын хувьд эдийн засгийн хурдасгуур байж болох хэдий ч “байгалийн шавхагдах баялгийг олборлон ашиглах явцад байгаль орчныг доройтуулах, амьдралын чанарыг сулруулах зэрэг урт хугацаандаа сөрөг үр дагавар авч ирэх нь олонтаа байдаг” учир уул уурхайг хариуцлагатай авч явах нь чухал асуудал юм.
Монгол орны хувьд уул уурхайн салбараас ДНБ-д оруулах хувь харьцангуй өндөр бөгөөд улсын эдийн засаг энэ салбараас шууд хамааралтай байдаг. Үндэстэн дамнасан томоохон компаниудын хувьд улсын төсөв, орон нутгийн татвар, хураамжуудыг хуулийн дагуу тогтмол төлж байгаа боловч энэ нь КНХ хэрэгжилт гэж харах нь өрөөсгөл юм. Улс, тэр дундаа тухайн орон нутгийн хөгжилд оруулж байгаа бодит хөрөнгө оруулалт, иргэдийн амьдралд бодит нөлөөллийг бий болгох, амьжиргааг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, түүнд хөрөнгө оруулалт хийх нь КНХ, Хариуцлагатай уул уурхайн хэрэгжилтийн нэг хэлбэр юм.
Манай орны хувьд иргэдийн ядуурлыг бууруулахад чиглэн хэрэглэж байгаа арга хэлбэр нь “их хэмжээний бэлэн мөнгө тараадаг гэсэн өрөөсгөл ойлголт байгаа боловч энэ нь эргээд урт хугацаанд иргэдийг амьдралын түвшин доогуур, ядуу амьдруулах зам руу хөтөлж байдаг” нь олон улсын туршлагаар нотлогдсон юм. Үүнээс харахад иргэдэд бэлэн мөнгө тараах аргыг сонгох бус иргэдийн амьдралд бодит нөлөөллийг би болгож, олон ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж түүний үр дүнд дүн шинжилгээ хийж иргэдийн амьдралын онцлогт тохирсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал болоод байна.
Иймээс Монгол улсад уул уурхайн компаниуд НХ-ыг хэрэгжүүлэхэд баримталж байгаа бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нь олон талт ядуурлыг бууруулж байгаа эсэхэд үнэлгээ өгч, тэдгээр нь орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулахад хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох нь Уул уурхайн КНХ-ын үр дүнд бий болох эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.