Хураангуй:
Ноолууран болон тансаг бүтээгдэхүүний зах зээл дэлхий дахинд өсч буй өнөө үед интернет худалдаа нь тэдний өсөн нэмэгдэх нэг гарц болж буйг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн судлаачид тодотгож байна. Энэхүү магистрын ажлын зорилго нь Турк улсын хэрэглэгчдийн хувьд онлайн худалдаагаар ноолууран бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх боломжыг тодорхойлсон. Тус зорилгын хүрээнд Турк улсын тансаг болон ноолууран бүтээгдэхүүн, түүнтэй адилтгаж болох зах зээлийг судалсан юм.
Турк улсын хувьд тансаг зэрэглэлийн хэрэглээ нь маш өндөр улсуудын нэг юм. 2013 оны Евромонитор гэж ажиглагч байгууллагын тайланд дараах дүгнэлтийг хийжээ. “Турк улс нь дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй тансаг бүтээгдэхүүний зах зээл бөгөөд европын хамгийн хүчтэй эдийн засгуудын нэг болон хөгжиж байна. 2013 онд тансаг бүтээгдэхүүний зах зээл нь 2.9 тэрбум ам долларт хүрсэн нь 2012 онтой харьцуулахад 12.3%-ийн өсөлт үзүүлсэн. 2018 онд 5.4 тэрбум долларын өсөлттэй байх хүлээлттэй байна.” Мөн Турк улсын иргэдийн хэрэглээний орлогын өсөлт, ажилгүйдлийн түвшин багасах болон дунд давхрагын дээшлэлт зэрэг эерэг өөрчлөлтүүд нь тэдний зарцуулалтын зуршлыг жижиглэнгийн болон тансаг хэрэглээний зах зээл дээр өөрчилсөн. “Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт нь шинэ брэндүүдийг Турк улсруу татсан. Тансаг зэрэглэлийн томоохон брэндүүд Стамбул хотод хоёр моно-брэндийн дэлгүүр ажлуулдаг бол зарим нь гурван дэлгүүртэй болсон” (Робертс, 2014). Үүнээс гадна эдгээр брэндүүд зөвхөн физик дэлгүүр нээгээд зогсохгүй онлайн орчинд үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн. Турк улсын тансаг зэрэглэлийн загварын брэндийн зах зээлийн хэмжээ 3.6 тэрбум лир буюу 533 сая ам доллар байна (Зираат Ятырим тайлан–ХАА хөрөнгө оруулалтын банк, 2018). Үүнээс 1.5 тэрбум лирийн эргэлттэй Бэймэн(Beymen) энэ салбарт зах зээлийн 35% -ийг эзэлж тэргүүлэгч байр сууринд байна (Зираат хөрөнгө оруулалтын банк, 2018).
Харин Монголоос Турк улсад экспортолсон эцсийн ноолууран бүтээгдэхүүн ердөө 69 мянган ам доллар байна. Турк улсад сайн чанарын ямааны ноолуур байдаггүй, учир нь хамгийн сайн ямааны ноолуур эрс тэс хүйтэн улиралтай орчинд амьдардаг ямааны ноосонд бий болдог байна. Тиймээс Турк улс 611012 барааны тэмдэгттэй нэхмэл ноолууран бүтээгдэхүүний импортоос нэмэлт гаалийн татвар (İlave Gümrük Vergisi- İGV) авдаггүй байна.
Онолын судалгааг ноолууран бүтээгдэхүүн, онлайн худалдаа, тансаг бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулах болон гадаад зах зээлд нэвтрэх боломж зэрэг ухагдахуунуудыг судалж арга зүйгээ боловсруулан судалгаагаа хийв. Боломжийг тодорхойлохдоо 5С хүрээг ашишласан ба үүнд хэрэглэгч, өрсөлдөгчид, компани, хамтрагчид, орчин зэрэг орно.