Хураангуй:
Дэлхийн улс орон бүр өөр өөрийн байгалийн нөхцөл, нөөцийг ашиглан хөгжиж ирсэн түүхэн уламжлалтай. Дэлхий ертөнц даяаршиж, харилцан зорчих нөхцөл боломж улам бүр нэмэгдэж, улс орны хүн амын амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр аялал жуулчлал нь эдийн засгийн хөгжлийн нэг гол эх сурвалж болжээ. Энэ хэрээр олон улс орон албан ёсоор аялал жуулчлал, тэр дундаа экологийн аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгон бодлогоор дэмжиж байна.
Аялал жуулчлал бол улс орон бүрийн байгаль, амьдралын хэв маяг, ахуй, соёл, нийгэм, эдийн засгийн хөгжилд нийцсэн байхаас гадна тэдгээрийг хамгаалах, нөхөн сэргээх, бүтээмжтэй ашиглах арга ухаанд суурилсан нэг төрлийн үйлдвэрлэл юм. Орчин үеийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь улам бүр боловсронгуй болж байгаа нь аялал жуулчлалын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн хандлагыг тодорхойлж байна.
Монгол орны хувьд байгалийн баялагаа бүтээмжтэй ашиглахаас гадна нийгэм, соёл, угсаатны амьдрал, ахуйг сэргээн хамгаалж, түгээн дэлгэрүүлэх ажлыг аялал жуулчлалаар дамжуулан хөгжүүлэх нь орчин үеийн дэлхийн аялал жуулчлалын бизнестэй хөл нийлүүлэн алхах таатай боломжийг олгож байна.