Хураангуй:
Сургуулийн өмнөх боловсролын гарц буюу чанарыг илтгэх нэгэн үзүүлэлт нь сургуульд бэлтгэгдсэн хүүхэд юм. Тус судалгааны ажлын хүрээнд хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд Дэлхийн банкны СӨБ-ын чанарын судалгаанд хамрагдсан Улаанбаатар хот болон найман аймгийн нийт 101 улсын цэцэрлэгийн 1996 хүүхэд, 50 хувийн цэцэрлэгийн 430 хүүхдийн мэдээллийг ашиглав. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд хүүхэд, гэр бүл, цэцэрлэгийн түвшний хүчин зүйлс нөлөөтэй хэмээн таамаглаж, уг таамаглалыг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр шалгалаа. Шинжилгээний үр дүн дэвшүүлсэн таамаглалуудыг дэмжсэн бөгөөд хувийн цэцэрлэг, эхийн боловсрол, гэр бүлийн оролцоо нь хүүхдийн сургуульд бэлэн байдалд харьцангуй өндөр нөлөөтэйг тодорхойллоо. Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд 60% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн гэж үзвэл нийт хүүхдийн 65,46% нь хангалттай бэлтгэгдээгүй юм.