Хураангуй:
Гар утасны програм буюу аппликейшны хэрэглээнээс олсон орлого 2017 оноос хойш дэлхий дахинаа 2 дахин нэмэгдсэн буюу 2019 онд 461.7 тэрбум ам.долларт хүрч, аппликейшнд суурилсан бизнесийн тоо жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байгаа учраас энэхүү сэдвийг сонгон судлах болсон.
Дипломын ажлын зорилго нь "Улаанбаатар хотын аппликейшны хэрэглэгчдийн аппликейшнд дасан зохицох үйл явцад нөлөөлөгч хүчин зүйлүүдийг тодорхойлж, энэ чиглэлээр бизнес эрхлэгчид болон аппликейшн хөгжүүлэгчдэд цаашдын үйл ажиллагаанд нь санал зөвлөмж өгөх"-д чиглэсэн.
" Онолын судалгааны бүлэгтээ судлаач Everett Rogers-н 1962 онд анх тодорхойлсон хэрэглэгчийн инновацид дасан зохицох үйл явцын тухай судалсан.
" Салбарын судалгааны хүрээнд дэлхийн болон манай улсын хувьд хамгийн түгээмэл байдлаар хэрэглэгдэж байгаа аппликейшнуудын тухай дэлгэрүүлж авч үзсэн.
" Харин эмпирик судалгаагаа Unread media start-up ХХК-с монгол улсын онцлох аппликейшнуудаар тодорхойлсон M plus, LookTV, Khanbank гэсэн аппликейшны жишээн дээр судлаач Haihua Hu нарын 2019 онд хийсэн судалгааны загвар дээр суурилж хийж гүйцэтгэсэн. Санал асуулгын арга ашиглан, биечилсэн болон цахим хэлбэрээр 581 өгөгдөл цуглуулж, чанарын шаардлага хангах 508 өгөгдөл дээр шинжилгээ хийсэн.
Судалгааны голлох үр дүнгүүдийг авч үзвэл Улаанбаатар хотын аппликейшн хэрэглэгчдийн хувьд тухайн аппликейшн нь итгэл хүлээсэн байх нь хамгийн чухал бөгөөд энэ нь аппликейшныг хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй эерэг хамааралтай байж болох юм. Мөн аппликейшны татагдсан тоо хэмжээ, хүлээн зөвшөөрөгдсөн ашигтай байдал, бусад хүмүүсийн нөлөөлөл зэрэг нь дасан зохицоход илүү өндөр хамааралтай гэсэн үр дүн гарсан.
Түүнчлэн "Шинийг эрэлхийлэгчид", "Анхны байнгын хэрэглэгчид", "Эхэн үеийн голлох хэрэглэгчид", "Хожуу үеийн голлох хэрэглэгчид" болон "Сүүл баригсад" гэсэн аппликейшн хэрэглэгчдийн ялгаатай 5 сегмент байх боломжтой гэдэг нь харагдсан.
Эцэст нь судалгааны ажлын хүрээнд дэвшүүлсэн 7 таамаглалын хувьд 6 таамаглал нотлогдсон.