Хураангуй:
Бид хугацааны цувааны эконометрикт мөчлөгийг загварчлахдаа хугацааны цувааг стационарь буюу дундаж, вариац нь тогтмол гэх урьдач нөхцөлийг тавьдаг билээ. Харин (Quandt, 1972), (Goldfeld & Quandt, 1973), болон (Hamilton J. D., 1989) нарын хөгжүүлсэн Марков шилжилт нь бидэнд энэхүү урьдач нөхцөлийг сулруулж өгдөг. Ингэснээр бид ямар дэглэмд байгаагаас хамааран дээрх параметрүүдийг хувьсах байдлаар тодорхойлох боломжтой болж буй билээ. Харин төлөв байдлын огторгуйн загвар нь хамгийн анх хяналтын инженерүүдийн оролцоогоор хөгжсөн бөгөөд үл ажиглагдах төлөв байдлын хувьсагчийг агуулсан динамик системүүдийг илэрхийлэхэд хэрэгтэй хэрэгсэл юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд төлөв байдлын огторгуйн загвар, Марков шилжилтийн загвар болон тэдгээрийг нэгтгэсэн Марковын шилжилттэй төлөв байдлын огторгуйн загварыг онолын хүрээнд судлан мөн тухайн загварын хэрэглээ болох эмпирик судалгааг хийхийг зорилоо. Эмпирик судалгааны үр дүнд Монгол улсын хувьд плакин загвар биелэхгүй байв.