Хураангуй:
Энэхүү дипломын ажлын судалгааны ажлын хүрээнд гар нэхмэлийн онлайн сургалтыг зах зээлд нэвтрүүлэх маркетингийн оновчтой төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай мэдээ мэдээллийг олж авч AOSTC загварыг ашиглан шинжилгээ хийсний үндсэн дээр маркетингийн төлөвлөгөөний зорилго, зорилт, стратеги, тактикийг тодорхойлж хэрэгжүүлэхийн тулд дэлхийн зах зээлд хурдацтай хөгжиж буй онлайн сургалт тэр дундаа гар урлал, нэхмэлийн чиглэлээр онлайн сургалт зохион явуулдаг бизнесийн байгууллага, хувь хүмүүсийн туршлага, тэдний сургалтандаа ашигладаг онол арга зүй, техник, технологи, хэрхэн маркетинг явуулдаг зэргийг судалж монголын гар нэхмэл сонирхогчдоос судалгаа авч шинжилгээ хийсний үр дүнд хэрэглэгчдэд тохирсон сургалтын бүтэц, програмыг боловсруулах, гар нэхмэл сонирхогчдод онлайн сургалтын талаарх ач холбогдол, давуу талуудыг таниулахын тулд ямар маркетинг явуулах зэргийг тодорхойлж маркетингийн төлөвлөгөөг боловсруулна.
Хэрэглэгчийн судалгааг монголын гар нэхмэл сонирхогчид төвлөрдөг хамгийн олон буюу 11 мянга орчим гишүүнтэй Facebook-ийн “Гар нэхмэл” болон өөрийн хариуцан явуулдаг 6 мянга орчим гишүүнтэй “Гар нэхмэлийн онлайн сургалт” групээр дамжуулан Google Forms-ийг ашиглан нийт 28 асуулттай онлайн санал асуулгаар хийсэн болно. Зах зээлийн болон өрсөлдөгчийн судалгааг хоёрдогч эх үүсвэрээс түүвэрлэн шинжилгээ хийсний үр дүнд гар нэхмэл сонирхогчдын дийлэнх хувь нь Улаанбаатар хотод зохион явагддаг цөөхөн хэдэн сургалтанд биечлэн хамрагдах боломжгүй мөн тэдэнд зориулсан монгол хэл дээрх сургалтын материал, ном сэтгүүл, каталог, гарын авлага маш хомс байдаг болохыг олж таамагласны үндсэн дээр өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж онлайнаар видео сургалт явуулах зорилго тавьж түүнийгээ зах зээлд нэвтрүүлэх маркетингийн төлөвлөгөөг боловсруулсан болно.