Хураангуй:
Бизнесийн орчинд харилцааны ур чадвар (ХУЧ) нь байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлж цаашид амжилттай үргэлжлүүлэх, үр ашгаа нэмэгдүүлэх, нэр хүндээ өсгөх, бизнесээ өргөжүүлэх, хэрэглэгч болон хөрөнгө оруулагчдыг татахад чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд удирдлага болон ажилтны ХУЧ-т анхаарч, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага Монголын бизнесийн байгууллагуудад гарч байна.
Энэхүү судалгааны ажил нь ХУЧ, түүний ач холбогдол болон олон улсад ХУЧ-ыг хэрхэн хөгжүүлж байгаа, мөн Монгол улс (МУ)-д өнөөдөр ХУЧ ямар түвшинд байгаа, үүнд бизнесийн байгууллагууд хэрхэн анхаардаг, цаашлаад ХУЧ-ын байгууллагад үзүүлэх нөлөө зэргийг хамарна. Уг судалгаагаар Монголын томоохон салбаруудад үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудад тулгамдаж буй ХУЧ-ын асуудлыг олж илрүүлэн, түүний шалтгааныг судлаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, санал зөвлөмж боловсруулах зорилготой.
ХУЧ-ын судалгааг анкетын болон ярилцлагын аргаар Монголын ДНБ-ний дийлэнх хувийг бүрдүүлдэг 5 салбарт үйл ажиллагаа явуулж буй 15 байгууллагын дундаас дээш түвшний менежер болон удирдлагуудаас буюу нийт 225 ажилтнаас авч үнэлсэн. Анкетын асуулга нь Үндсэн болон ХУЧ гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд ХУЧ нь Бусдыг сонсох, Бичгээр харилцах, Харилцан ярилцах, Зөрчилдөөнийг шийдвэрлэх, Хамтран ажиллах, Удирдлагатайгаа харилцах, Бусдад зааварлаж зөвлөх, Бусдыг манлайлах, Эргэх холбоотой ажиллах гэсэн 9 үзүүлэлтээс бүрдэнэ. Ярилцлагын асуулгыг анкетын аргаар авсан судалгааны үр дүнд үндэслэж, үзүүлэлтийг бататгах, ХУЧ-ын талаар нарийвчилан тодруулах зорилгоор авсан.
Судалгааны ажлын хүрээнд тоон шинжилгээний аргыг ашиглан үр дүнг тооцсон бөгөөд дээрх 15 байгууллагын ХУЧ-ыг дундажилж авч үзэхэд 76%-тай буюу хангалтгүй түвшинд байгаа нь байгууллагын зүгээс анхаарал хандуулж, хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн хүчин зүйлсийн шинжилгээгээр ажилтны ХУЧ нь орчин буюу байгууллагын соёлоос хамаардаг болох нь ажиглагдсан.
Аливаа байгууллагын хувьд анкетын загварыг ашиглан өөрийн байгууллагын бүх ажилтнуудыг хамруулсан судалгааг авч шинжилснээрээ байгууллагынхаа ХУЧ-ын түвшин, цаашид анхаарал хандуулах, сайжруулах шаардлагатай ур чадварыг олж мэдэх боломжтой юм. Тухайн судалгаа нь анх удаа хийгдэж байгаа тул зарим хязгаарлалтууд гарсныг үгүйсгэх аргагүй бөгөөд туршилтын судалгаа гэдгээр үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу.