Хураангуй:
Аль ч орны эдийн засагт санхүүгийн зуучлагч чухал үүрэгтэй байдаг бөгөөд тэдгээр зуучлагчдын нэг нь арилжааны банк юм. Өнөөдөр Монгол улсад 13 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Эдгээр банкууд нь санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байна. Гэсэн хэдий ч эдгээр арилжааны банкуудын талаарх мэдээлэл ховор, харилцагчид харилцах болон хадгаламжийн дансаа хаана байршуулахаа шийдэхийн тулд бодитой дүгнэлт хийх боломж нөхцөл дутмаг байдаг бөгөөд зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн реклам сурталчилгаанаас болон банкны ажилчдын мэдээлэл, зөвлөгөөнөөс хамааран шийдвэрээ гаргаж байна. Харин Монголд арилжааны банкуудыг үнэлж зэрэглэл тогтоодог албан ёсны үнэлгээний байгууллага эсвэл монголын эдийн засгийн орчин нөхцөлд таарсан үнэлгээний стандарт байхгүй бөгөөд зөвхөн цөөн хэдэн банк гадны томоохон үнэлгээний агентлагуудаар үнэлгээ хийлгэн зах зээл дээрх дүр төрхөө эерэгээр бүрдүүлж байгаа юм. Гэвч эдгээр байгууллагуудын хийдэг үнэлгээ нь тэр бүр монголын орчин нөхцөлд зохицож, арилжааны банкуудын үйл ажиллагааг үнэлэхэд бүрэн тохирдоггүй.
Тиймээс монголын арилжааны банкуудад зэрэглэл тогтоох аргачлалыг боловсруулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд монголын эдийн засгийн орчинд тохирсон аргачлалыг боловсруулж тэдгээрийн үйл ажиллагааг үнэлж зэрэглэл тогтоож арилжааны банкуудын талаарх мэдээллийн ил тод байдлыг нэмэгдуулэн улмаар банк хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх давуу талтай. Үүнээс гадна хэрэглэгчдийг шийдвэр гаргахад тусалж, зөвхөн гадаадын үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэх бус өөрсдийн гэсэн эдийн засгийнхаа хөгжилд тохирсон арга аргачлалтай болж үүгээрээ дамжуулан дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж нэмэгдэх юм. Өрсөлдөөн өсч, мэдээллийн ил тод байдал сайжирснаар нийгэм эдийн засгийн хөгжил ч хурдсах юм. Учир нь аливаа өрсөлдөөн гэдэг нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулдаг давуу талтай. Ингэснээр санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал сайжирч иргэд харилцагчдийн банкинд итгэх итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.