Хураангуй:
Төрийн дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох сонгуульд ямар намын хэнд саналаа өгөх нь иргэн бүрийн хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг. Учир нь тухайн сонголтоос улс орны эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдрал, ирээдүйн сайн сайхан хамаардаг учраас. Гэтэл энэхүү шийдвэрийг гаргахад чухал нөлөөтэй сонгуулийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо нь сүүлийн жилүүдэд багассаар байна. Энэхүү оролцооны түвшинд эдийн засгийн болон хүн амын үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж байгааг судлахыг зорилоо.
Судалгаандаа 2004 оноос 2016 он хүртэлх хугацааны сонгуулийн жилийн Улаанбаатар хотоос бусад 21 аймгийн хүрээнд сонгогчын оролцооны хувь хэмжээнд эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн түвшин, инфляци болон хүн амын өсөлт, хүн ам дахь залуучуудын эзлэх хувь зэрэг өгөгдлүүдийг ашиглаж панел өгөгдлийн шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнд эдийн засгийн өсөлтөөс бусад хүчин зүйл нь сонгогчын оролцооны түвшинд сөрөг хамааралтай байсан бөгөөд санамсаргүй нөлөөллийн үнэлгээ нь тэгшитгэлийг илүү өндөр хувиар тайлбарлаж байсан.