Хураангуй:
Аливаа улс орны эдийн засагт нөлөөлдөг томоохон салбаруудын нэг нь барилгын салбар байдаг ба барилгын салбарын хөгжил нь тухайн улс орны хөгжлийн нүүр царай болдог төдийгүй нийгмийн салшгүй нэг илэрхийлэл болдог билээ. Манай Монгол улсад сүүлийн жилүүдэд барилга, орон сууц, авто зам, уул уурхайн томоохон төслүүд гээд их бүтээн байгуулалтууд хийгдэхийн хэрээр тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр ихсэж байна. Үүнийгээ дагаад барилгын материалуудын эрэлт ч мөн ихсэж байгаагийн нэг нь цементийн материал юм. Мөн өнөөгийн хурдацтай өөрчлөлт дэвшилтүүдийг дагаад компанид бүтээгдэхүүнээ сайжруулах, дахин загварчлах, бизнесийн стратегиа зөв төлөвлөж, шийдвэр гаргах нь өрсөлдөөний давуу талыг бий болгох төдийгүй зах зээл дахь байр сууриа бататгаж, улам өргөжин тэлэх боломжийг олгодог байна. Тийм учраас дотоодод үйлдвэрлэлээ эрхэлж байгаа үйлдвэрүүд өртгөө илүү бодитой тооцож борлуулах нь үйлдвэрлэл технологийн дэвшилт, бүтээгдэхүүний чанар болоод манай улсын эдийн засагт ч чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг дотоодын цементийн үйлдвэрүүд байдаг ба эдгээрийн нэг болох “А” ХХК-г сонгон авлаа. Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг дотооддоо бэлтгэн, өртгөө бодитой тооцож, шийдвэр гаргалтандаа ашигтайгаар хэрэгжүүлж зах зээлд нийлүүлэхийн тулд байгууллага өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж буй арга, технологио сайжруулж, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэлээ хийж, өртгийн менежментийн системээ боловсронгуй болгох нь тулгамдаж буй асуудал байна.
Иймээс судалгааны ажлын хүрээнд дээрх аж ахуй нэгж байгууллагын ашигт ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөв, цаашдын тогтвортой үйл ажиллагааны үндсэн гол асуудал болох үйлдвэрийн бүтээгдэхүүний өртгийг ямар аргаар хэрхэн тооцвол илүү бодитой байх талаар судлан тооцож үзэх юм.