Хураангуй:
Гүйцэтгэлийн үнэлгээ нь хүний нөөцийн удирдлагын зайлшгүй чухал хэсэг байдаг. Энэ нь ажилчдын үр бүтээмжийг хэмжих, ажилчдыг урамшуулах тэтгэлэг, тэтгэмж олгох болоод тэдэнтэй холбоотой захиргааны шийдвэрүүдийг гаргахад хамгийн их тусалдаг. Аливаа байгууллагын хувьд ажилчдын гүйцэтгэлийг оновчтойгоор үнэлдэг байх нь ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх, идэвхжүүлэх чухал нэгэн хөшүүрэг нь болж байдаг.
Энэхүү судалгааны ажлаар “УЛААНБААТАР БҮК” хувьцаат компанийн хүний нөөцийн гүйцэтгэлийн үнэлгээ хийх үйл явцыг тодорхойлохын тулд баримт бичгийн, болон санал асуулгын судалгааг хийсэн. “УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна (UBBUK, 2019). 1998 оноос хувьчлалд орсон ба өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани хэлбэрт зохион байгуулагдсан ба 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шинэ эрин цаг үетэй нийцүүлэн боловсронгуй болгон шинэчлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлснээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах бүрэн бололцоотой болсон. Уг судалгааг хийхдээ үйлдвэрийн ажилчдын ажлын байрны тодорхойлолт, цалингийн журам, гүйцэтгэлийн үнэлгээний хяналтын хуудас зэрэг баримт бичгийг харьцуулан үйлдвэрийн нийт ажилчдаас санал асуулгын судалгааг авсан. Судалгааны үр дүнд үндэслэн үйлдвэрийн ажилчдын гүйцэтгэлийн үнэлгээг илүү оновчтой хийх боломжийг судлан, санал зөвлөмж боловсруулсан.