Хураангуй:
1997 оны Азийн санхүүгийн хямралын дараагаар дэлхийн улс орнууд санхүүгийн салбарын тогтвортой байдалд ихээхэн анхаарал тавих болсон. Үүний нэг илрэл нь 1999 оны 5 сараас ОУВС нь “Санхүүгийн секторын үнэлгээний програм” –ыг хэрэгжүүлэх болсон билээ. Дэлхийн банкны судлаач Матс Жосефсон “Монгол Улсын банкны тогтолцоог шинэчлэх нь” илтгэлдээ “Тодорхой цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр банкны салбарт хүндрэл тулгардаг ч тэрхүү асуудлаа нэн даруй шийдвэрлэж байх нь чухал бөгөөд улс орнуудын төв банк нь хараат байгаагаас үүдэн түргэн шуурхай хувирч чаддаггүйгээс улбаалан асуудлаа хүлээн зөвшөөрч шийдвэрлэх нь бага байдаг.” гэдгийг онцолсон ба манай улсын хувьд банкны салбар олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхахын тулд өөрсөддөө тулгарсан асуудлаа шийдэх шаардлагатай гэх зөвлөмжийг өгсөн билээ. (Жосефсон, 2010) Мөн 2011 оны 5 сард ОУВС-ийн мэргэжилтнүүд Монгол улсын банкны салбарын голлох эрсдэл нь зээлийн эрсдэл байна гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд зээлийн эрсдэлийн сан байгуулах үйл ажиллагаа хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна гэсэн шүүмжийг өгсөн. Иймд энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын хувьд зээлийн эрсдэл нь макро орчны хүчин зүйлээс хэрхэн хамаарч байгааг шинжилж, тохиох эрсдэлийг тодорхойлон урьдчилан арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх суурь судалгаа болно гэж үзэж байна. Энэ судалгаандаа чанаргүй зээлийн нийт зээлд эзэлж буй хувь хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляци, ажилгүйдлийн түвшин болон бодит үйлчилж буй хүүний түвшин гэх үзүүлэлтүүдийн 2007-2016 оны улирлын өгөгдөлд тулгуурлан стресс тестийн шинжилгээг хийж зээлийн эрсдэлд макро орчны хүчин зүйлсийн үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох болно. Ингэхдээ ДНБ болон хүүний түвшин сөрөг хамааралтай ба инфляци болон ажилгүйдлийн түвшин эерэг хамаарал үзүүлнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.