Хураангуй:
Жолоочийн хариуцлагын даатгал нь дэлхийн ихэнх улс орнуудад заавал даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын салбар нь тухайн улс орныхоо санхүүгийн зах зээлийн хөгжлийн гол түлхүүр юм. Иймээс даатгалын салбарыг анхлан зах зээлд нэвтрүүлэх, иргэдэд даатгалын ач холбогдлыг ойлгуулахын тулд албан журмын буюу заавал даатгалын хэлбэрийг ашиглаж байжээ. Онолын хүрээнд тухайлсан нэг бүтээгдэхүүн буюу жолоочийн хариуцлагын даатгалын зохицуулалтын талаар илүү дэлгэрэнгүй судлан гадны кейс, жишээн дээр тулгуурлан судалгааны арга зүйг үндэслэсэн. Мөн Монгол улсын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын өнөөгийн байдлын судалгаа хийн үүнийгээ нийт даатгалын салбарын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдтэй холбон тайлбарласан. Ийнхүү тухайн даатгалын зохицуулалтын орчинг үнэлэн харвал үнэ тогтоолт үндэслэл бүхий бус байгаа нь хохирлын харьцааг өндөр гаргахад нөлөөлж байв. Иймээс үүнтэй холбоотой суурь үнийг сайжруулах шаардлагатай бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан оновчтой үнийг боловсруулав.