Хураангуй:
Хөнгөн үйлдвэр тэр дундаа ноолууран бүтээгдэхүүний салбарт бараа материал нь гол нөөц, хөрөнгө бөгөөд түүхий эд материал нь өрсөлдөөний давуу талыг бий болгох хүчин зүйл юм. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг байгууллагуудын хувьд бараа материалаа хэрхэн хадгалах, зөөж тээвэрлэх, хэдий хэмжээтэй захиалах болон нөөцлөх зэрэг асуудлууд тулгардаг. Эдгээр асуудлуудыг хамгийн оновчтой зөв аргаар шийдвэрлэх, удирдах, зохион байгуулах нь бараа материалын удирдлагын чухал асуудал бөгөөд бизнесийн байгууллага бүр үйл ажиллагаандаа тохирсон бараа материалын оновчтой удирдлагатай байх шаардлагатай. Ингэснээр:
• Нийт зардлыг хамгийн бага хэмжээнд барих
• Үр ашигт байдлыг нэмэгдүүлэх гэх мэтчилэн чухал ач холбогдолтой юм. Оновчтой зөв зохион байгуулсан бараа материалын удирдлага нь мөнгөн хөрөнгийн төсөв зохиох, төлбөрийн чадвараа тодорхойлох, дүн шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой. Ингэснээр аж ахуйн нэгж байгууллага цаашдаа тасралтгүй жигд ажиллаж ашиг олох, цаашдаа өсөн дэвжих боломжтой юм.
Бараа материал нь үйлдвэр болон худалдааны байгууллагын эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл бизнесийн ашиг орлогын гол үзүүлэлт болдог учраас удирдлагын зүгээс онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Зөвхөн бараа материалын бүртгэл гээд зогсохгүй байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, амжилттай явуулахын тулд бараа материалын үнэлгээ чухал билээ. Үнэлгээ нь нягтлан бодох бүртгэлийн аргын нэг гол элемент бөгөөд үүнийг хэрэглэхгүйгээр нэгтгэн дүгнэсэн үзүүлэлт гарган авах нөхцөлгүй. Үнэлгээ нь зөв бол үйл ажиллагааны эдийн засгийн өгөөж, санхүүгийн үр дүн үнэн зөв тодорхойлох боломжтой. Бараа материалын үнэ бүхий зүйл нь худалдан авах, үйлдвэрлэх эргүүлэн худалдах гэсэн тасралтгүй байдлаар оршдог учраас түүний хөдөлгөөн, өртөг зардал, үлдэгдлийг нарийн бүртгэж, тооцож байх шаардлагатай ба энэ нь тухайн байгууллагын ашиг алдагдалд нөлөөлж санхүүгийн тайланд тусгагддаг байна. Дээр дурьдсанаар бараа материалын үнэлгээ, өртөг тооцоололтын тухай ойлголт нь нягтлан бодох бүртгэлийн өртөгийн хүрээнд авч үздэг асуудлуудын нэг юм. Бараа материалын худалдан авалтыг дансанд тусгахын тулд түүний үнэ цэнийн нэгж тус бүрээр нь тогтоох хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл бараа материалын өртөгт юу орох, түүнийг хэрхэн тооцох вэ гэдэг асуудал чухал юм.