Хураангуй:
Ажилгүйдэл, инфляци, цалин зэрэг үзүүлэлтүүд нь аливаа улсын макро эдийн засгийг тодорхойлох чухал үзүүлэлтүүд юм. Тиймээс эдгээр үзүүлэлтүүдийн хоорондын хамаарал, үйл хөдлөл, учир шалтгааны чиглэлийг тодорхойлж макро эдийн засгийн зохистой бодлого боловсруулахад ашиглах нь тухайн улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд нэрлэсэн цалин болон инфляцийн хооронд ямар хамаарал оршин байдгийг Филипсийн муруйн шинжилгээг ашиглан тодорхойлохыг зорьлоо. Уг судалгаанд ҮСХ-оос гаргасан 2002-2018 оны жилийн өгөгдөл болон 2007 оны нэгдүгээр улирлаас 2018 оны дөрөвдүгээр улирал хүртэлх 48 улирлын өгөгдлийг ашигласан болно. Судалгааны үр дүнд нэрлэсэн цалин болон инфляци нь урт болон богино хугацаанд харилцан 2 талт хамааралтай болох нь харагдлаа. Харин Филипсийн муруйн шинжилгээний хувьд ажилгүйдэл нь инфляцитай харьцуулахад нэрлэсэн цалингийн түвшинд харьцангуй хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд энэхүү ялгаатай нөлөөлж буй явдлыг хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлт тодорхой түвшинд тайлбарладаг болох нь шинжилгээний үр дүнд ажиглагдлаа.