Хураангуй:
Өрсөлдөөнт зах зээл дээр ямар ч байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй
үргэлжлүүлэн үйлчлүүлэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай
хүргэж байгууллагын хэмжээнд үргүй зардал гаргахгүй байж ашгаа боломжит дээд
түвшинд хүргэхийг зорин ажилладаг. Зах зээл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас
байгууллага зөвхөн санхүү бүртгэлд зориулсан тооцооллоос илүү удирдлагын шийдвэр
гаргалтад нөлөөлөхүйц орчин үеийн арга хандлагуудыг ашиглан бүтээгдэхүүн
үйлчилгээний өртгийн тооцооллыг хийхийг хичээж байна. Тиймээс үйлчилгээний
байгууллага нь үйлдвэрлэлийн байгууллагатай ижил үзүүлсэн үйлчилгээнийхээ өртгийг
үнэн зөв тооцоолсоноор үйл ажиллагааны ашиг болон үйлчилгээний үнэ цэнийг
бодитоор илэрхийлэх боломжтой учир үйлчилгээний зардал болон өртөг, түүнийг
оновчтой хуваарилах аргуудыг судлах шаардлага үүснэ.
Судалгааны хүрээнд байгууллагын хөгжлийн зөвлөх үйлчилгээг зах зээлд санал
болгон ажиллаж байгаа “Х” компанийг (компанийн мэдээллийг нууцлах үүднээс)
судалгааны объектоор сонгон авч байгууллагын 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын
зардал болон ажлын тайлан мэдээлэл дээр тулгуурлан үйлчилгээний байгууллагын өртөг
тооцооллыг боловсронгуй болгох арга зүйг боловсруулан зөвлөх үйлчилгээний өртгийг
тооцож үзлээ. Өртгийг тооцоолохдоо захиалгат ажлын аргаар өртгийг хуримтлуулан
бүртгэж, гүйцэтгэлийн бүрэн зардлаар өртгийг хэмжин шууд бус зардлыг тоо хэмжээнд
суурилсан буюу уламжлалт хандлагыг ашиглан ажил бүрт хуваариллаа.
Байгууллага өртгөө тухайн ажилд зарцуулсан шууд зардлуудын нийлбэрээр
тодорхойлдог байсан нь учир дутагдалтай байсан бол захиалгат ажлын бүрэн өртгийг
тооцсоноор ашигт байдлаа зөв тодорхойлох, ажил үйлчилгээний үнэ тогтоолтод хэрэглэх
бодит өртгийн мэдээллээр удирдлагыг хангах боломж бүрдэнэ.