dc.description.abstract |
“Баялаг-Өлзий” ХХК нь ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос зэрэг түүхий эдийг боловсруулж экспортлохоос гадна сүлжмэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг байна. “Bodio’s” брэндийн сүлжмэл цамц, пальто, жилет, хөнжил, малгай, ороолт, өмд, оймс гэх мэт 20-иод төрлийн 100 гаруй бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрийн дэлгүүр болон экспортод гаргасаар байгаа билээ. Мөн “Bodio’s” брэнд нь байгалийн цэвэр ноос, ноолууран, загварлаг, чанартай бүтээгдэхүүний дүр төрхийг илтгэдэг бөгөөд 2008 оноос хойш бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гарган өдгөө өөрийн гэсэн хэрэглэгчийн бааз суурьтай болон өргөжиж бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг ОХУ, Украин, Герман, Франц, Итали, Англи, Бельги, Швейцар, Дани, Швед, Канад, Япон зэрэг олон оронд экспортолдог болсон байна. Олон жилийн тасралтгүй үйл ажиллагааны явцад орон нутагт сайн чанарын түүхий эд бэлтгэлийн дэд бүтцийг хөгжүүлж чадсан юм.
Хязгаарлалтын онол нь тохиромжтой буюу оновчтой ажил дээр илүү төвлөрдөг бөгөөд аливаа үйлдвэрлэлийн төлөвлөлтийн тодорхой нэг цэг дээр хязгаарлагдмал хүчин чадалтай байх ёстой гэсэн санаанд үндэслэдэг юм. Мөн хязгаарлалтын онол нь хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах замаар байгууллагын дамжлагаар урсах бүтээгдэхүүний хурдыг өсгөдөг бөгөөд үүний үр дүнд ашиг, орлого их хэмжээгээр нэмэгддэг байна. Энэхүү онол нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд зардлыг хуваарилдаггүй тул өртөг тооцоолох арга, хандлага биш юм.
Энэхүү судалгааны ажлыг “Баялаг-Өлзий” ХХК-аас нийт 17 төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авсан бөгөөд бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн процесс, өртгийн мэдээлэл, хүчин чадлын мэдээлэл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, түүхий эд материалын татан авалт, тухайн бүтээгдэхүүнүүдийн зах зээлд нийлүүлэх үнэ, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд эзлэх хэмжээ зэрэг мэдээллийг ашиглан тухайн компанийн үйлдвэрлэлийн процессийн хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, хязгаарлагч хүчин зүйлд үндэслэн төгс ахиуц ашгийн хандлагаар ашигт байдлыг нэмэгдүүлэх боломжийг боловсруулах зорилготой тус судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Судалгааны ажлын үр дүнд “Баялаг-Өлзий” ХХК нь дотоод болон гадаад хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлон үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон эрэлтийн хэмжээнд суурилан төгс ахиуц ашгийн хандлагаар үйлдвэрлэлийн төлөвлөлтийг бэлтгэж үйлдвэрлэлээ явуулснаар ашигт ажиллагаа нэмэгдүүлэх боломжтой нь харагдсан юм. |
en_US |