Хураангуй:
Өнөөгийн дэлхийн улс орон бүрд тулгамдаад буй хамгийн том асуудал болох хүлэмжийн хий болон дэлхийн дулаарлыг санхүүгийн салбарын тусламжтайгаар бууруулах боломжтой хэмээн НҮБ-аас үзэж, G20 тэргүүтэй дэлхийн улс орон бүр тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг өөрсдийн санхүүгийн системдээ тусгаад байна. Үүний адилаар Монгол улс ч мөн адил тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг өөрсдийн санхүүгийн системдээ нэвтрүүлээд байгаа юм. Санхүүгийн систем дотроо банкны салбарт илүүтэйгээр тогтвортой санхүүжилт нэвтэрч эхэлсэн ба үр дүнгээ хүлээгээд эхэлчихсэн байгаа юм. Гэсэн хэдий ч банкнаас бусад санхүүгийн салбарт төдийлөн үйл ажиллагаа явагдаж эхлээгүй, энэ талаарх мэдлэгийг анхан шатны байдлаар л авсан байдалтай байна. Иймд банкнаас бусад санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн салбар дахь банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь чухал буй юм. Үүний тулд олон улсын амжилттай хэрэгжсэн туршлагыг судлах замаар, Монгол улсын онцлог, өнөөгийн байдалтай уялдсан зарчим, үйл ажиллагааны зураглал гарган, тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр давуу болон сул талын аль нь давамгайлж буйг тодорхойлох замаар Монгол улсад өнөөгийн байдлаар хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлах нь чухал байгаа ажээ.