Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь хүний нөөцийн хөгжлийн бодлогын асуудлыг дотоод ур чадварын хүрээнд судлах ба зочид буудлын өрөө үйлчилгээний менежерүүдийн түвшинд үнэлэн тодорхойлох, үүнийг бизнесийн процесст нөлөөлөх нөлөөлөлтэй холбон тайлбарлаж шаардлагатай санал зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажил 5 одтой зочид буудлуудын өрөө үйлчилгээний менежерүүдийн дотоод ур чадварыг үнэлэхдээ харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, үйлчилгээний ур чадвар, хяналтын ур чадвар, мэдээлэл технологийн чадвар, бодлого процесс, олон улсын соёл, хувь хүний чадвар, өөрийгөө удирдах чадвар, бичгийн болон тооцооллын чадвар гэсэн арван үзүүлэлтүүдээр анкетын аргаар судалгаа авч мөн ерөнхий менежер, өрөө үйлчилгээний менежерүүдтэй ярилцлага, кейс шинжилгээ хийж өрөө үйлчилгээний менежерийн дотоод ур чадварыг хэмжихийг зорьсон.
Судалгааны үр дүнд сайжруулах, цаашид анхаарах шаардлагатай ур чадваруудыг зочид буудал тус бүрээр дүгнэлт хийж мөн нэгтгэн харуулсан бөгөөд ярилцлага, анкетын аргаар боловсруулсан судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн нэгдсэн дүгнэлт өгч санал зөвлөмж боловсруулсан. Судалгааны асуулгыг англи хэлнээс орчуулан бэлтгэсэн ба үр дүнг шинжлэх аргачлалыг эрэл хайгуул хийн судалж, Ms-excel програм дээр нэгтгэж боловсруулсан.