Хураангуй:
Шингэн биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замууд сэдэвт тус судалгааны ажлыг шингэн БИХНБ үйлдвэрлэгч компаниудын өрсөлдөх чадварын хүчин зүйлсийг тодруулж, харьцуулах замаар сайжруулах арга замуудыг тодорхойлох, үйлдвэрлэгчдэд зориулж санал, зөвлөмж боловсруулах зорилготой гүйцэтгэлээ. Зорилгын хүрээнд өрсөлдөөн, өрсөлдөх чадвар, өрсөлдөөний стратеги, өрсөлдөх чадварын үнэлэх аргууд болон биологийн идэвхт бүтээгдэхүүний талаар онолын судалгааг хийж, өрсөлдөх чадварын хүчин зүйлсийн жагсаалтыг боловсруулав. Мөн, өрсөлдөх чадварыг сайжруулах болон биологийн идэвхт бүтээгдэхүүний талаар бусад судлаачдын бүтээлтэй танилцаж судалгааны арга зүйгээ тодорхойллоо.
Тодорхойлсон аргазүйн хүрээнд 3 талт судалгааг хийсэн ба эдгээр нь судлаачийн ажиглалтын судалгаа, компанийн ажилтнуудаас авсан ярилцлагын судалгаа болон хэрэглэгчдээс авсан санал асуулгын судалгаа зэрэг юм. Эмпирик судалгаа нь МУ-д шингэн БИХНБ импортлогч Бишрэлт Трейд ХХК, Мон Со Баян ХХК, Хоёр Ихэр Хүү ХХК зэрэг 3 компани, үйлдвэрлэгч Монос Хүнс ХХК, Содон Фүүдс ХХК, Тинц ХХК, Монгол Алтайн Барагшун ХХК зэрэг 4 компани, тэдгээрийн хэрэглэгчдийг хамруулав.
Судалгааны үр дүнд Цэнэг брэндийн үнэлгээ дунджаар 8.0, Бакусынх 7.4, Монгол Алтайн Барагшуных 7.3, Содон брэндийнх 5.6, Ногоодой брэндийнх 5.4 гэж гарлаа. Энэ нь Цэнэг брэндээс бусад дотоодын брэндүүд нь импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад танигдалт сул байгаа ба бүтээгдэхүүн, борлуулалт, маркетинг зэрэг бүхий л өрсөлдөөний хүчин зүйлсийн хувьд сайжруулах шаардлагатайг харууллаа. Мөн, цэнэг брэндийн хувьд савлагааны чанар, бүтээгдэхүүний үр дүн үйлчилгээ, мэргэжилтний зөвлөгөө, хөнгөлөлт урамшуулал зэрэг зарим хүчин зүйлсийн хувьд хэрэглэгчдийн сэтгэл ханамж харьцангуй сул байгаа тал ажиглагдсан. Иймд, дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөний сул талуудаа хэрхэн засаж, сайжруулах талаар зарим санал зөвлөмжүүдийг боловсрууллаа.