Хураангуй:
Монгол улсад арилжааны банкны эрсдэлийн удирдлага хөгжөөд хориод жил болж байна. Арилжааны банкууд зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл, комплайнсын эрсдэлийн удирдлагыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн тодорхой арга аргачлал, зохицуулалтыг бий болгон ажиллаж байгаа хэдий ч эрсдэлийн соёл, эрсдэлийн засаглалыг бий болгох чиглэлээр хийж буй ажлууд хязгаарлагдмал байна.
Аливаа эрсдэлийн удирдлага нь зөвхөн нэг ажилтан, нэг нэгжийн үйл ажиллагаагаар тодорхойлогдохгүй бөгөөд энэ нь тухайн байгууллагын эрсдэлийн хүчтэй эерэг соёлтой шууд хамааралтай буюу удирдлага болон ажилтнуудын эрсдэлд хандах хандлага, ажилтнуудын эрсдэлийг ойлгох үйл явц, түүнийг хэрэгжүүлэхтэй шууд холбогдож байдаг. Энэхүү судалгааны ажлаар эрсдэлийн соёл гэж юу болох, түүнийг хэмжих онол арга зүйг судлан, Монгол улсын арилжааны банкуудын эрсдэлийн соёлыг боломжит байдлаар тодорхойлон, санал зөвлөмж өгөхийг зорилоо.
Судалгааг хийхдээ Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан “Эрсдэлийн соёлыг үнэлэх зөвлөмж”-ийг суурь болгон авсан ба эрсдэлийн соёлын судалгааг хийхдээ North-West их сургуулиас боловсруулсан эрсдэлийн соёлын асуулгыг (UARM RCQ-2016) ашигласан болно.