Хураангуй:
Дэлхийн улс орнууд эдийн засгийн тогтвортой өсөлт болон дотоодын хэрэгцээгээ хангах үүднээс өөр хоорондоо бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага бий болдог. Өнөөгийн даяаршлын нөлөөгөөр Монгол улсын гадаад харилцаа мөн адил хөгжсөөр байна.
Манай улсын хувьд гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай бөгөөд хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг импортоор хангадаг. Газрын тосны 330 сая тонны нөөцтэй Монгол улс боловсруулах үйлдвэргүйн улмаас өнөөдөр дотоодын шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд жилд дунджаар 1.3 сая тонн шатахуун импортолж байна.
Монголын шатахуун импортлогч компаниудын /цаашид “ШИК” гэх/ хувьд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шатахууны хэрэгцээг хангахын тулд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Үүний тулд эргэлтийн хөрөнгөө оновчтой удирдах нь тэдний хувьд чухлаар тавигдаж байна.
Гадаад худалдаа эрхэлдэг байгууллагууд эргэлтийн хөрөнгийн дутагдалаа богино хугацаат үнэт цаас, эргэлтийн хөрөнгийн зээл, худалдааны санхүүжилт гэсэн 3 замаар шийдэх боломжтой.
Судалгаагаар шатахууны импорт, худалдаа эрхлэгч дотоодын компаниуд эргэлтийн хөрөнгийн дутагдалд ордог нь харагдсан. Өнөөдөр арилжааны банкуудын эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн түвшин өндөр байна. Компанийн богино хугацаат бондын хүү банкны зээлтэй харьцуулахад бага боловч энэ төрлийн бизнесийн онцлогоос шалтгаалан богино хугацаат үнэт цаас гаргах нь төдийлөн тохиромжгүй байна. Тиймээс худалдааны санхүүжилтийн хэрэгсэл болох эх үүсвэргүй аккредитивийг үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан ашигласнаар эргэлтийн хөрөнгийн дутагдлаа үр дүнтэй шийдэх боломжтой юм.
Иймд миний бие “Шатахуун импортлогч компаний санхүүжилтийн эх үүсвэрийг худалдааны санхүүжилтийн хэрэгсэлээр хангах боломж, арга зам” сэдвийн хүрээнд компанийн ажлын капиталын удирдлага, богино хугацаат санхүүжилтийн хэлбэрүүд, тэдгээрийн давуу сул талуудыг судлахын зэрэгцээ дотоодын ШИК-уудын бизнесийн цикл, онцлогийг судласны үндсэн дээр тэдэнд хамгийн тохиромжтой бөгөөд үр ашигтай хувилбарыг тодорхойлохыг зорьсон болно.
Судалгааны үр дүнд эргэлтийн хөрөнгийн зээл болон эх үүсвэргүй аккредитивийн зардлын зөрүү өндөр гарч эх үүсвэргүй аккредитив нь ашигтай төлбөр тооцооны хэрэгсэл гэдгийг баталсан бөгөөд түүнийг ШИК-ууд өөрийн үйл ажиллагааны онцлогтоо тохируулан эх үүсвэргүй аккредитивийг оновчтой арга замаар ашиглахад туслах схемийг боловсруулан санал зөвлөмж хүргүүлсэн болно.