Хураангуй:
Кредит карт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон сая хэрэглэгчтэй, олон төрлийн үйлчилгээ санал болгодог, хэрэглэгчдэд богино хугацааны санхүүгийн зээлэх хэрэгцээг хангах, бэлэн мөнгөний асуудлыг шийдвэрлэх, бүх төрлийн бэлэн бус гүйлгээ хийх, хурдан шуурхай шийдвэрлэгддэг, зориулалт хянадаггүй, барьцаа хөрөнгөгүй зэрэг давуу талтай төлбөрийн уян хатан хэрэгсэл байгаа бөгөөд худалдаачид, банк санхүүгийн байгууллагад мөн ач холбогдолтой.
Манай улсын арилжааны банкнууд 2016 оноос хойш кредит карт зах зээл рүү эрчимтэй орж байгаа билээ. Гэхдээ хэрэглэгчид үүнийг хэрэглэхэд бэлэн үү, зөв зохистой хэрэглэж чадаж байна уу?
Асуудал үндэслэл: Кредит картын чанаргүй зээл нэмэгдэж байгаа ба 2019 оны 2 сарын байдлаар иргэдийн чанаргүй зээл 7.8 их наяд байсан ба өмнөх сараас 0.6%-иар өссөн байна. Иргэдийн зээлийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл кредит картын зээл 7.9% буюу бусад зээлүүдээс хамгийн өндөр чанаргүйдэлтэй нь байгаа.
Арилжааны банкнууд кредит картын зах зээлийг өргөжүүлэхийн хажуугаар хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийг бууруулж ажиллах шаардлагатай, хэрэглэгчид кредит картыг зөв хэрэглэснээр цаашид гарах сөрөг үр дагаврыг бууруулах зэрэг ашиг тустай тул ийнхүү кредит карт хэрэглэгчийн хэрэглээний хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход энэхүү судалгааны ажил зорилго оршино.
Энэхүү судалгаанд хэрэглэгчийн зан төлөвийн онолд суурилан кредит картын хэрэглээний хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг судлан кредит карт хэрэглэгчдээс санал асуулга буюу анкетын аргаар судалгаа авч хүчин зүйлсийг тодорхойлсон.
Кредит карт хэрэглэгчийн хэрэглээний хандлагад нөлөөлөх хүчин зүйлсд санхүүгийн мэдлэг, хэвлэл мэдээллийн мэдлэг, кредит картын талаар ойлголт, гэр бүлийн нөлөөлөл, хувийн үзэл баримтлал гэсэн хүчин зүйлүүд нөлөөлнө хэмээн үзсэн.
Кредит картын хэрэглээний хандлагад кредит картын ойлголт, гэр бүлийн нөлөөлөл, хувийн үзэл баримтлал, хэвлэл мэдээллийн ойлголт нь эерэг нөлөөлж байсан ба таамаглал 1,2,3,4 нь батлагдаж, харин санхүүгийн мэдлэг нь хэрэглээний хандлагад шууд нөлөөлдөггүй ба санхүүгийн мэдлэгт кредит картын ойлголт, гэр бүлийн нөлөөлөл, хэвлэл мэдээллийн мэдлэг 3 хүчин зүйл нөлөөлснөөр санхүүгийн мэдлэг нь хэрэглээний хандлагад эерэг нөлөөлж байгаа буюу дундын зуучлагч юм.
Өөрөөр хэлбэл шинжилгээнээс харахад дам байдлаар санхүүгийн мэдлэг нь хэрэглээний хандлагад хамгийн өндрөөр нөлөөлж байна. Харин санхүүгийн мэдлэгт хэвлэл мэдээлэл хамгийн өндөр ба үүний дараагаар хувийн үзэл баримтлал, гэр бүлийн нөлөөлөл нөлөөлж байна. Харин хэрэглээний хандлагад шууд байдлаар хувийн үзэл баримтлал хамгийн өндрөөр нөлөөлж байгаа буюу дараагаар хэвлэл мэдээлэл, гэр бүлийн нөлөөлөл, кредит картын тухай ойлголтууд нөлөөлж байна.