Хураангуй:
Монгол улсын банкны салбар нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаараа бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд банкны салбараар олгосон чанаргүй зээлийн түвшин нэмэгдэж байна. Чанаргүй зээл нь банкны актив хөрөнгийг бууруулах, банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулж, улмаар банкны тогтолцооны төлбөрийн чадварт шууд нөлөөлөх үр дагавартай тул эрсдэлийг нэмэгдүүлдэг. Чанаргүй зээл өсч, бодит секторт зээл олголт багасахад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд огцом буурдаг болох нь олон улсын туршлагаар батлагдсан байдаг. Иймд энэхүү судалгааны ажлаараа хэрхэн чанартай зээл олгох вэ гэдэг асуудлыг хөндөн, зээлдэгчийн зээлийн рейтингийн үнэлгээний аргачлалыг ашиглан, рейтингийн үнэлгээнд макро эдийн засгийн үзүүлэлтийн нөлөөллийг оруулан, рейтингийн үнэлгээний аргачлалыг сайжруулах боломжийг судалсан. Чанаргүй зээлд макро эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг боловч регрессийн шинжилгээний үр дүнд хамгийн өндөр нөлөөтэй нь экспорт, импорт, төгрөгийн бодит үйлчилж буй ханш байлаа. Эдгээр үзүүлэлтийн нөлөөллийг тухайн зээлдэгч байгууллагын зээлийн рейтингийн үнэлгээний аргачлалд оруулан тооцсоноор зээлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.