Хураангуй:
Технологийн хөгжил нь олон салбарт хүчтэй нөлөөлж байгаагийн нэг нь хэвлэл мэдээллийн салбар юм. Энэ нөлөөнд өдөр тутмын хэвлэмэл сонин хамгийн хүчтэй өртөж, хэвлэмэл ном, CD зэрэг бусад оюуны биет бүтээлүүдийн адилаар оршин тогтнох боломжтой эсэх нь эргэлзээтэй болж ирсэн. Wall Street Journal зэрэг томоохон хэвлэл хэвлэмэл сонин гаргахаа зогсоож, зөвхөн цахим платформд суурилсан үйлчилгээ эрхлэх болсон нь үүнийг зарим талаараа баталж байлаа. Харин хуурамч мэдээлэл газар авах болсон энэ үед чанартай, мэргэжлийн редакцын бэлтгэсэн мэдээлэл, ийм мэдээллийн гол үйлдвэрлэгч болох өдөр тутмын сонинуудын ач холбогдол нэмэгдэх боллоо. Энэ боломжийг ашиглахын тулд өдөр тутмын сонинд орчин цагийн технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэн, инновац хийх зайлшгүй шаардлагатай болоод байна.
Монгол улсын хувьд анхны сонин гарснаас хойших 100 жил, чөлөөт хэвлэл үүсэн бий болсноос хойших 30 гаруй жилийн хугацаанд өдөр тутмын сонины салбарт дорвитой инновац хэрэгжээгүй бөгөөд энэ салбарын гол өрсөлдөгч нь сайт, сошиал медиа байна. Энэ судалгааны ажлын хүрээнд Монголын өдөр тутмын сонинуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга замуудыг тодорхойлохыг зорьсон бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр өдөр тутмын сонин захиалгын үнийг өсгөх, захиалагчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад сурталчилгааны орлогыг нэмэгдүүлэх боломжтой болох юм. Судалгааны дүнд өдөр тутмын сонины түлхүүр хэрэглэгчид нь уншигч, захиалагчид болох нь харагдсан бөгөөд уншигчдын тоог өсгөснөөр зар сурталчилгаа нийлүүлэгчдийн тоо, тэдний өдөр тутмын сонинд зарцуулах зардал өсөх шууд хамааралтай болохыг илрүүллээ. Харин уншигчдын хувьд мэдээллийн чанараас илүүтэй хурдыг чухалчилж байгаа ч өдөр тутмын сонинууд энэ хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мөн сонин нь нэг төрлийн мэдээллээр дагнасан, эсвэл аливаа нэг чиглэлээр гүнзгийрсэн мэдээлэл нийтлэхийн оронд олон талыг хамарсан мэдээлэл нийтэлснээр илүү олон уншигч, захиалагч татах боломжтой байна.
Технологийн нөлөөнд устах магадлалтай салбаруудын тоог нэгээр нэмэхгүйн тулд одооноос богино болон урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт хийх шаардлага энэ салбарт тулгараад байгаа юм (WAN-IFRA, 2018). Дэлхийн сонины холбоо байгууллагаас нэгтгэснээр, өдөр тутмын сонинууд нь богино хугацаанд хүний нөөц, шинэ технологи, шинэ бизнест хөрөнгө оруулалт хийж, урт хугацаандаа бизнес моделоо шинэчлэх шаардлагатай болжээ. Захиалгын орлого болон зар сурталчилгааны орлогоос санхүүжих бизнес модель нь орчин цагийн өдөр тутмын сонины үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд тохирохгүй байгаа нь Financial Times, New York Times зэрэг олон сонины жишээгээр батлагдаж байгаа бөгөөд сонинууд арга хэмжээ зохион байгуулах, цахим платформоо хөгжүүлэх цаашлаад уншигчдаа илүү сайн ойлгох замаар орлогын эх үүсвэрүүдээ төрөлжүүлэхийг зорьж байна.