Хураангуй:
Өөрчлөгдөн хувьсаж буй үе үеийн нийгэм, эдийн засаг, улс орны хөгжил дэвшилд удирдлагын арга барил, манлайллын шинж төлөв, арга зүй гол үүрэг гүйцэтгэсээр байна.
Бизнесийн байгууллага үйл ажиллагаандаа амжилт, ашиг авалт, нэр хүнд, хэрэглэгч, өрсөлдөгч зэрэг олон ойлголт, нэр томъёог өргөн ашигладаг хэдий ч амин чухал шавхагдашгүй нөөц болох ажилчдынхаа ур чадвар, мэдлэг боловсролоор өрсөлдөх хандлага зонхилж байна. Иймээс өрсөлдөөнд тэргүүлэхээр байгууллагынхаа өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ажилчдынхаа ажлын бүтээмжийг сайжруулах, хүч нөөц боломжийг нь бүрэн дүүрэн ашиглах нь чухал. Удирдлаган доороо ажиллаж байгаа ажилчдаа үр дүнтэй удирдах чадвартай байхын тулд байгууллагын дунд болон дээд түвшний менежерүүд ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлөгч хүчин зүйлийг судлах шаардлагатай гэж үзэн энэхүү “Ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлөх зарим хүчин зүйлийн нөлөөлөл: Банкны салбарын жишээн дээр” сэдвийг сонгон авч судалгааны ажил хийлээ.
Удирдагчид хувь хүн, бүлэг, байгууллагад эерэг нөлөө үзүүлэхийг хүсч байвал удирдагч нь хуучинсаг, автономит хэв маягаасаа нөхөрсөг, орчин үеийн хэв маяг руу шилжих хэрэгтэй (Dess нар, 1998). Орчин үеийн удирдагчид ажилчдыг дэмжих, тэдэнд алсын харааг өгч, итгэл найдварыг төлөвшүүлэх, шинэлэг байдлаар, хувь хүний анхаарлыг хандуулах, харилцааг өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг хандлагатай байдаг. Эдгээр хүчин зүйлүүд нь манлайллын хэв маягийн үндсэн шинж чанарууд бөгөөд байгууллагын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын байгуулагадаа үнэнч байх хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.