Хураангуй:
Дэлхийн онлайн худалдааны судалгааг үзэхэд уг салбар нь жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байна. Энэ нь хэрэглэгчид онлайн худалдааны боломж болон давуу талыг үнэлж эхэлсэнтэй холбоотой бөгөөд үүнийг дагаад уламжлалт худалдааны дэлгүүрүүд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд онлайн худалдааны зах зээлд нэвтрэн орж байна. Онлайн худалдааны бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлж буй томоохон хүчин зүйлийн нэг нь хүргэлт буюу логистикийн үйлчилгээ юм. Тиймээс ч сүүлийн жилүүдэд онлайн худалдааны логистикийн үйлчилгээний талаар гадаадын судалгааны ажлууд ихээр бичигдэх болсон.
Онлайн худалдааны салбарын хувьд АНУ болон БНХАУ зах зээлийн ихэнх хувийг эзэлж байна. Эдгээр улс орнуудтай харьцуулахад манай улсын нэг хэрэглэгчийн дундаж онлайн худалдан авалтын хэмжээ 1,476 төгрөгтэй буюу тэнцэж байгаа нь эдгээр улстай харьцуулахад дунджаар 2500 дахин бага байгаа нь манай улсын хэрэглэгчид онлайн худалдааг ашигладаггүй гэж дүгнэсэн.(Ж.Ундрам, 2016)
Юуны өмнө салбарын хувьд дотоод болон гадаадын онлайн худалдаа, онлайн худалдааны логистикийн салбарыг судалж харьцуулан манай орны онцлог, өнөөгийн нөхцөл байдалд онлайн худалдааны хүргэлтийг үр дүнтэй зохион байгуулах зэргийг судлахыг зорьсон. Уг судалгаагаар онлайн худалдаа эрхлэгч, онлайн худалдааны хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч гэсэн оролцогч гурван талыг хамарсан судалгаа хийсэн бөгөөд онолын судалгааны хувьд нийлүүлэлтийн сүлжээ, логистик, логистикийн төрлүүд, цахим худалдаа, хотын логистик зэргийг судалсан юм.
Энэхүү судалгааны хүрээнд онлайн худалдаа эрхлэгч болон онлайн худалдааны хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас чанарын судалгаа буюу ярилцлагын аргаар судалгаа авсан бол онлайн худалдааны хүргэлтийн үйлчилгээнд хэрэглэгчийн үзүүлж буй сэтгэл ханамжийг судлах зорилгоор онлайн худалдан авалт хийж байсан туршлагатай 380 хүнээс хэвлэмэл анкет болон цахим санал асуулга аван одоогийн нөхцөл байдлыг дүгнэж сайжруулах арга зам, зөвлөмжийг боловсруулсан.