Хураангуй:
Банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, зах зээл эзлэлтийг
нэмэгдүүлэхийн тулд харилцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж тохирсон
бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх нь арилжааны банкуудын өрсөлдөх
чадварыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл юм. Олон улсын арилжааны банкуудын
орчин үеийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, ихэнх бүтээгдэхүүн үйлчилгээ цахим
хэлбэрт шилжиж байгаа боловч банкинд өндөр үр өгөөж бүхий үнэ цэнэтэй
харилцагчиддаа зориулан санхүүгийн цогц үйлчилгээг банкны үйлчилгээгээр
дамжуулан хүргэж байна. Олон улсын арилжааны банкууд үйлчилгээнийхээ цар хүрээг
нэмэгдүүлэн санхүүгийн зөвлөх, хөрөнгийн удирдлага, татвар, даатгалын зөвлөгөө
зэрэг үйлчилгээнүүдийг нэгтгэн Хувийн банкны үйлчилгээгээр дамжуулан үзүүлж
байна. Монголын арилжааны банкууд энэхүү туршлагаас суралцан Хувийн банкны
үйлчилгээг 2012 оноос хойш нэвтрүүлж эхэлсэн юм. Иймд энэхүү судалгааны ажлаар
уг үйлчилгээг сайжруулах боломж арга замыг хайх, эрсдэлийг удирдахад гол зорилго
оршино. Судлагдахууныг бодит орчинд шууд ажиглаж болохуйц байсан тул
мэдээллийг цуглуулахдаа ажиглалтын арга, тэмдэглэл хөтлөх арга, бүтэцчилэгдээгүй
ярилцлага, анкетийн аргыг ашиглан чанарын судалгааг хийсэн. Судалгааны түүврээр
МУ-ын хамгийн том 3 банкийг сонгон авсан бөгөөд өнөөгийн байдлаар Хувийн банкны
үйлчилгээний төрөл, ангилал, үйл ажиллагааны процесс зэргийг ажиглалт, баримт
бичгийн аргаар цуглуулж боловсруулан санал дүгнэлт гаргасан. Хувийн банкны
үйлчилгээг сайжруулах боломж, арга замыг тодорхойлохтой холбоотой судалгаа хийх
явцад харилцагч танин мэдэх үйл ажиллагааг сайтар хийхгүй бол хууль эрхзүйн
орчины хэрэгжилтийн хяналтын тогтолцоо сул, хөгжиж буй орноор дамжуулан мөнгө
угаах болон терроризмийг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулах эрсдэл хамгийн өндөр
болохыг тодорхойлсон. Иймээс МУТС-тэй тэмцэхдээ олон улсын хууль хяналтын
байгууллага, ФАТФ, НҮБ-с гаргасан зөвлөмжийн дагуу Монгол банкны СМА, болон
мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн хооронд мэдээлэл солилцооны систем нэвтрүүлж,
хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг санал зөвлөмжиндөө дурьдлаа.