Хураангуй:
Уг судалгааны ажлын хүрээнд Монголын аялал жуулчлалын салбар тэр дундаа тусгай сонирхлын аялалын талаарх ойлголт, өнөөгийн байдлыг судлах ба энэ төрлийн аялал жуулчлалыг ямар арга замаар хөгжүүлэх нь оновчтой вэ гэдгийг дэлгэрэнгүй судлах зорилготойгоор хийсэн болно.
Аялал жуулчлалын салбар нь олон томоохон салбаруудтай уялдаа холбоотой явагддаг нь улс орны эдийн засаг, хүн ам, нийгэм, соёл гээд хөгжлийн гол түлхүүр болж өгдөг. Аялал жуулчлал нь өөрөө утаагүй үйлдвэрлэл бөгөөд дэлхий дээрх хамгийн аз жаргалтай үйл ажиллагаа ч гэж нэрлэгддэг байна. Монголд төдийгүй дэлхий дахинд хамгийн хурдацтай хөгжиж буй уг салбарыг Монголын тэргүүлэх зэргийн салбар болох бүрэн боломжтой гэж үздэг. 2017 онд дэлхий дахинд 1.3 тэрбум гаруй хүн аялаж, Монгол улсыг зорин ирэх гадаад аялагч жуулчдын тоо 470 мянгад хүрсэн ба дотоодын аялагчдын тоо 2 сая давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд ирээдүйд ч мөн өсөх хандлагатай байгаа юм. 21-р зуун гарснаар хүмүүс өөрийн хүсэл сонирхлын дагуу аялалаар явж жуулчлах явдал ихэссэн нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагыг бий болгоод байна. Тусгай сонирхлын аялал жуулчлал гэдэг нь спорт, урлаг соёл, шинжлэх ухааны зэрэг онцгой сонирхолтой жуулчдад зориулан зохион байгуулж байгаа жуулчлалыг хэлдэг (МУСтандарт, 2004) бөгөөд дотроо олон төрөлтэй ба бусад аялалаас ялгагдах онцлог нь илүү адал явдалтай, сурах зүйлтэй, сэтгэл ханамж өндөртэй, үйлчлүүлэгчиддээ чиглэсэн үйлчилгээтэй байхыг шаарддаг.
Судалгааны ажлаар аялал жуулчлалын түүхэн хөгжил, салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандагыг судалж, тусгай сонирхлын аялал жуулчлалын талаарх ойлголт болон Монголд хөгжиж байгаа, цаашид өрсөлдөх чадвар өндөртэй ТСАЖ-ын бүтээгдэхүүн болох 10 аялалыг нэрлэсэн. (Үүнд адал явдалт аялал, байгалийн аялал, нүүдэлчин ахуйн аялал, хурал зөвлөлгөө, арга хэмжээнд оролцох аялал, шувуу ажиглах аялал, тэмээн поло, шашин мөргөлийн аялал, эрүүл мэнд сувилалын аялал, гольф тоглох, үлэг гүрвэлийн мөрөөр судлах зэрэг аялалууд багтсан байна.) Ингэхдээ Монгол орны түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үндэсний уламжлал, нүүдлийн аж ахуй зэрэгтэй уялдуулан эрс тэс уур амьсгалд тохирох төрлийг сонгон авсан болно. Дээрх 10 төрлийн аялалаар дэлхийд тэргүүлж буй орнуудын онцлог, учир шалтгааныг судалсны үндсэн дээр тухайн орны туршлагыг дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээтэй харьцуулж давуу болон сул талыг гаргаж ирсэн.
Манай оронд дэлхийд ховор ан амьтан, байгалийн өвөрмөц тогтоцууд, анагаах увидастай рашаан ус гэх зэрэг олныг алмайруулж, сонирхлыг татах олон үзмэр үйлчилгээ байдаг нь энэ төрлийн давуу тал болж өгнө.
ТСАЖ нь Монгол улсад хөгжих бүрэн боломжтой ба 4 улирлын турш үйл ажиллагаа явуулах нөөц бололцоотой боловч энэ талын төрийн бодлого зохицуулалт муу, үйлчилгээ санал болгож байгаа тур операторуудын туршлага, мэргэшил дутмаг байгаа харагдаж байна. Тиймээс БОАЖЯ болон АЖ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тодорхой хэлэлцээрт хүрч, төлөвлөгөө гарган түүнд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэж үзлээ. Ингэхдээ Монгол орны онцлог, байгаль, ан амьтны суурьшиж буй нутгийг харгалзан үзэж бүс нутгаар нь хөгжүүлэх нь оновчтой юм.