Хураангуй:
Барилгын засал чимэглэлийн материалын зах зээл хэмжээ болон нэр төрлийн хувьд 2000-аад онтой харьцуулахад 10 дахин өссөн байна. Үүнийг даган хэрэглэгчийн мэдээлэл солилцох, худалдан авах арга хэлбэр, маркетингийн арга хэлбэр, хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж байгаа бөгөөд хэрэглэгчийн зан төлөвийн талаар хийсэн судалгааны ажил ховор байна. Иймд энэхүү орон зайг нөхөн барилгын материал хэрэглэгчдийн зан төлөв болон шийдвэр гаргалтын талаар онолын түвшинд судалж, барилгын материалын худалдаа эрхлэгчдэд санал зөвлөмж боловсруулахыг зорилоо. Судалгааны онолын судалгаагаар хэрэглэгчийн зан төлөвийн хар хайрцагны загвар, цогц загвар, TPB загварын хэрэглээг судалж авч үзсэн. Эмпирик судалгааны хүрээнд дотоод ханын материал хэрэглэгчийн зан төлөвийг асуулгын аргаар 320 хүнээс авсан бөгөөд судалгааны хорогдол гарсаны улмаас 299 хэрэглэгчийн өгөгдлийг найдвартай гэж үзэн шинжилгээнд оруулж үр дүнг боловсрууллаа. Судалгаанд дескритив статистик болон Кронбах альфа шинжилгээ хийсэн. Мөн онолын болон судлагдсан байдлын шинжилгээгээр барилгын дотоод ханын заслын материал нь сонголтот эрэлттэй бүтээгдэхүүн хийгээд хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг төлөвлөж авдаг гэж үзсэн учраас TPВ загварыг боловсруулан 5 таамаглал дэвшүүлж бүх таамаглал батлагдлаа.
Судалгаанд оролцогчид ханын заслын материалыг зөвхөн хэрэгцээ шаардлага гарсан үед л худалдаж авдаг бөгөөд дунджаар өрхүүд 4-5 жилд гэртээ засвар хийдэг байна. Харин өрх гэрүүд ханын материал худалдан авалтанд гэр бүлийн гишүүдийн нөлөө харгалзан үзэж шийдвэр гаргадаг байна. Ханын материал сонгохдоо тухайн бүтээгдэхүүний шинж чанар, өнгө үзэмж, үнэ, эрүүл мэндэд эерэг байдал зэрэгт анхаарал хандуулдаг байна.
Хэрэглэгчдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гэрийн дотоод засал их чухал нөлөөтэй байдагаас хамааран дотоод ханын заслын материал худалдан авах сэдлийг төрүүлэхэд хүргэдэг байна. Хэрэглэгчид барилгын материалыг илүү бодитоор мэдэрч буюу дэлгүүрээр явж худалдан авалт хийхийг эрмэлздэг байна. Хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах хангалттай санхүүгийн боломжтой болсон үедээ худалдан авах хүсэл эрмэлзэл төрж бодит худалдан авалтыг хийдэг байна.